Сүүн голын цагаан өнгө хэрхэн үүсдэг вэ
Үйл явдал
/
2024-08-07

Сүүн гол буюу Цагаан гол нь Баян-Өлгий аймгийн нутагт орших Алтай Таван Богд уулнаас эх авч 111км үргэлжлэн урсаад Ховд голд цутгадаг.
Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Александр, Гранег, Потаниний мөсөн гол нь Цагаан голын ундаргын эх үүсвэр болдог. Эдгээр голууд нь зуны улиралд хайлан урсаж энэхүү геологийн өвөрмөц онцлог бүхий уулын шаварлаг цагаан хурдаснаас үүссэн цагаан өнгийг бий болгодог. Тиймээс нутгийн иргэд бэлэгшээн Сүүн гол хэмээн хүндэтгэн дууддаг.

Цагаан гол нь уулын догшин түргэн урсгалтай гол учир зуны улиралд усны түвшин нэмэгдэж, чулууг хүртэл урсгадаг. Аймгийн төв Өлгий хотоос Цэнгэл сумын төвийг дайран Алтай Таван Богд, Шивээт хайрхан уулын чиглэлд аялахад энэ голыг гатлах шаардлага гардаг. Иймээс өглөө эрт, усны түвшин бага байхад нутгийн иргэд, газарч нарын тусламжтайгаар гатлах нь зүйтэй. Учир нь голын ёроол харагддаггүй тул машинаар чулуу мөргөх, гүнзгий хонхор руу орж усанд суух эрсдэлтэй. Түүнчлэн Цэнгэл сумын төвөөс 50 гаруй км газарт Загаст нуур багийн төвийн ойролцоох модон гүүрээр гатлах боломжтой.

Дотоодын зарим аялагч голын усыг "сүү"-тэй зүйрлэн тахин шүтэж аягалж уух нь их тохиолддог. 

Учир нь Цагаан голын ус цайвар өнгөтэй байдаг нь мөстлөг ихтэй газраас эх авдагтай холбоотой аж. Мөсөн голууд хүндийн хүчний нөлөөгөөр нүдэнд мэдрэгдэхгүйгээр маш удаан урсаж, энэ үеэр ёроолын шохойлог чулуулгийг нарийн ширхэгтэй болгож тээрэмдэн нунтаглаж байдаг. Мөсөн голын урсгалын үеэр бий болсон чулуулгийн тунамал хурдас ихтэй газраас эх авч байгаа тул Цагаан голын ус сүүн цагаан өнгөтэй болдог. Иймээс их хэмжээний чулуулгийн нунтагтай ус уух нь хүний хоол боловсруулах, шээсний замын эрхтнүүдийг гэмтээж болзошгүй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.17.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.