Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан Монгол Улсын АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга, Монгол төрийн Тэргүүн зэргийн “ЧИНГИС ХААН” одонт, Төрийн соёрхолт, уул уурхайн нэрт эрдэмтэн Пунсалмаагийн ОЧИРБАТ агсан 83-ний сүүдэртэйдээ амьсгал отголж, ард түмэн аньсага чийгтүүллээ.
Тусгаар улсын ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭР ДОЛООН ЖИЛ АЖИЛЛАЖ, дэвшилтэд гадаад харилцаа, социализмаас Ардчилалд шилжсэн түүхэн эгзэгтэй цаг үе дэх, улстөрийн бодлогыг уужуу ухаан, холын бодолтойгоор алгуурхан нутагшуулж, өнөөгийн парламентын тогтолцоог хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн гавьяатай нэгэн юм. Түүний эхлүүлсэн шинэ цагийн дипломат бодлого, Монгол улсын гадаад харилцааны бодлого нь өнөөгийн манай улсын олон улс дахь нэр хүнд, дэлхийд эзлэх байр суурь, олон ургальч, төвийг сахьсан, энхийг дэмжсэн бодлогын үндсэн суурь болж чадсан юм.
Тэрбээр Монгол төрийн нэрт зүтгэлтэн байгаад зогсохгүй Монгол түмний их итгэлийг даасан нэртэй эрдэмтэн, сайн багш байсан юм. Шинжлэх ухаан, уул уурхай, геологийн салбарт олон шилдэг боловсон хүчнийг бэлтгэн гаргахад оюун ухаан, сурч мэдсэн эрдэм, хүнлэг, ёс зүйтэй, төлөв түвшин байхыг өөрийн биеэр үлгэрлэсэн нэгэн байв.
Анхны гэсэн бүхний тодотгол, эхлэл, дээж нь П.Очирбат агсантай шууд холбоотой. Анхны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсгийг ахлаж, улмаар Ардын их хурлаар хэлэлцэн батлуулж, анхны гарын үсгээ зурж, арслантай тамгаараа баталгаажуулсан эрхэм. Түүний гарын үсгээ зурж, төрийн хэрэгтээ нутагшуулсан Үндсэн хуулийг өдгөө Монголын ард түмэн бүгд сахин биелүүлж, хэлбэрлэлтгүй хэрэгжүүлж буй нь бас нэгэн гавьяа билээ.
Шинэ тутам, эрчлэн хөгжиж буй Монгол улсын хөгжлийн галыг асааж, өрхийг таталцсан олон гавьяатуудын нэг яахын аргагүй П.Очирбат агсан. Өөрийн байгуулсан чөлөөт, ардчилсан нийгэмдээ сайлуулж муулуулан, чулуу шидүүлж, одонгоор шагнуулан эрх чөлөөтэй алхсаар, эрх чөлөөний наран доор амьсгал хураан, заасан эрдэм, засагласан төрийнхөө сүлдэнд шингэж байгаа нь бахархууштай. Тэр энгийн нэгэн бус ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН, ТУСГААР УЛСЫН НЭРТ УДИРДАГЧ байсан учраас Алтан соёмбот далбаагаа бөхийлгөн, улсын удирдлагууд толгой мэхийлгэн, гүн эмгэнэл илэрхийлэн оршоож байна.
Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Төрж өссөн Монгол эх орныхоо алтан хөрсөнд ТАЙВАН НОЙРС ДОО та минь. Ум ма ни бад мэ хум.
-
1 цаг 31 мин
-
18 цаг 34 мин
-
Өчигдөр 12 цаг 29 мин
-
Өчигдөр 11 цаг 30 мин
-
Өчигдөр 10 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 49 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 28 мин
-
18 цаг 34 мин
-
Өчигдөр 12 цаг 29 мин
-
Өчигдөр 10 цаг 49 мин
-
Өчигдөр 10 цаг 57 мин
-
Уржигдар 13 цаг 14 мин