Х.Баттулга Ерөнхийлөгч болсоноос хойш ДАРААХ ХҮМҮҮС шоронд орлоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-19

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас Х.Баттулга, Ардын намаас М.Энхболд, Монгол Ардын Хувьсгалт Намаас С.Ганбаатар нар өрсөлдсөн байдаг. Сонгуулийн дүн гарахад хэн нь ч 50%+1 санал авч чадаагүй учир хоёрдугаар шатны сонгууль болсон. Х.Баттулга болон М.Энхболд нар өрсөлдсөнөөр Х.Баттулга ялж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараа Монгол Ардын Намын даргын суудлыг М.Энхболдоос У.Хүрэлсүхэд шилжүүлэх “операци” өрнөж амжилттай болсон юм. ҮАБЗ-ийн гурван гишүүний суудлыг бүрэн “эзэгнэхэд” нэг суудал буюу УИХ-ын даргын суудалд суусаар байсан М.Энхболд садаа болж байлаа Х.Баттулга, У.Хүрэлсүх нар М.Энхболдыг УИХ-ын даргаас авч хаях операцийг далдуур дэмжиж үүнд нь Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Лу.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар удирдан жагсаал цуглаан хийж байлаа. Гэвч М.Энхболд сайн дураараа суудлаа өгсөнгүй. Тиймээс намын даргын суудлаа аваад байсан У.Хүрэлсүх хууль тогтоох байгууллага болох УИХ дахь гишүүдээ “шахаж” шинэ хуулийн төсөл санаачлуулж батлуулсан нь УИХ-ын гишүүдийн олонхиор “дарга”-аа огцруулдаг эрхтэй болсон юм. Ингээд М.Энхболдыг авч хаяад оронд нь Ш.Занданшатарыг тавьсанаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл гэдэг байгууллага “тэдний” гарт бүрэн орлоо.

Үүний араас болсон үйл явдлуудыг та бүхэн сайн мэдэх байх. ҮАБЗ-ийн зөвлөмж гэдэг зүйл бол бурханы даалгавар мэт болсон. Авилгатай Тэмцэх Газар, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, шүүгч нар, Ерөнхий прокурор зэрэг хууль шүүхийн албан тушаалтнуудыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр УИХ чөлөөлдөг болсон юм. Өөрөөр хэлбэл Х.Баттулга, У.Хүрэлсүх, Ш.Занданшатар гэдэг гурван хүнд таалагдахгүй прокурор, шүүгч, АТГ-ын дарга байвал хүссэн үедээ ажлаас нь чөлөөлж шинэ хүнээ томилдог болно гэсэн үг. Энэ нь шүүхийн, хууль хяналтын байгууллагын хараат бус байдал байхгүй болсны жишээ хэмээн олон хүн шүүмжилж байсны дотор олон улсын Эмнэсти Интернэшнл байгууллага хүртэл байлаа.

Хууль, шүүхийн байгууллага “тэдний” гарт бүрэн орлоо. Халаа, сэлгээ хийгдэж дуусав. Дараагийн операци бол дургүй хүргэсэн өрсөлдөгчдөө “намнах”.

Эхний хүн нь Ерөнхий сайд асан М.Энхсайхан боллоо. МУ-ын түүхэнд ял сонссон анхны Ерөнхий сайд асан хүн гэж болно. Түүнд 4,6 жилийн хорих ял оноосон. М.Энхсайхан, Х.Баттулга нарын зөрчил Тавантолгойн ордын гэрээтэй холбоотойгоор үүссэн гэж үздэг. Энэ нь ч түүний ял авах шалтгаан байсан байж магадгүй юм. Түүнд 2020 оны 5 сард ял оноожээ.

Үүний дараахан буюу сонгуульд нэр дэвших эрхээ аваад байсан Н.Номтойбаярыг баривчлав. Түүнийг Ардын намаас хөөгөөд байсан учир бие даан нэр дэвшсэн байдаг. 7 сарын 7-нд шүүхээс түүнд 5,5 жилийн ял оноов. Тэрээр Х.Баттулгатай гэхээсээ илүү У.Хүрэлсүхтэй зөрчилдөж байсан. У.Хүрэлсүх түүнийг 30 гэр бүлийн нэг мөн гээд Цагаан суваргын ордоо улсад буцааж өгөөрэй хэмээн үг дайж байлаа.

За ингээд гурав дахь хүнээр УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялсан буюу УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбат байлаа. Түүнд шүүхээс 6 жилийн хорих ял оноожээ. Ардын намын тодорхой гишүүд үүнийг олонтаа эсэргүүцсэн боловч нэмэр болсонгүй.

Үүний араас 5 хүнд зэрэг ял оноолоо. Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ял, Да.Ганболдод 4 жилийн хорих ял, Б.Бямбасайханд 4 жилийн хорих ял, Ч.Ариунсан, Б.Бадрал нарт тус бүр 1,6 жилийн хорих ял оноожээ.

Эцэст нь дүгнэхэд эдгээр ял авсан хүмүүс бараг тэр чигээрээ Ерөнхийлөгч Х.Баттулгатай өмнө нь зөрчилдөж, маргалдаж байсан хүмүүс гэхэд хилсдэхгүй юм. Одоо С.Баяр, Д.Эрдэнэбат, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг гээд шалгагдаж буй хүмүүсийн цуваа үргэлжилж байна.

эх сурвалж: mondaily

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.65.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.