ЭМГЭНЭЛ: ЖАРГАЛСАЙХАНЫ ОЮУНТУНГАЛАГ
Үйл явдал
/
17 цаг 37 мин

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Монголын шүүгчдийн холбооны тэргүүн, хууль зүйн доктор (LL.D), дэд профессор ЖАРГАЛСАЙХАНЫ ОЮУНТУНГАЛАГ нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Ж.Оюунтунгалаг нь 1978 онд Улаанбаатар хотод төрж, 1996 онд "Цог” гадаад хэлний дээд сургуулийг англи хэлний орчуулагч, 2001 онд ОХУ-ын Эрхүүгийн Техникийн их сургуулийн хуулийн ангийг "хуульч мэргэжилтэн" цолтой, 2002 онд Монгол улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр, 2007 онд Япон Улсын Нагоягийн Их Сургуульд хууль зүйн ухааны магистр, 2010 онд Япон Улсын Нагояагийн Их сургуулийг докторын зэрэг хамгаалж, тус тус амжилттайгаар суралцан төгссөн.Тэрээр 2001-2012 онд Хууль зүй дотоод  хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2012- 2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч, 2013-2016 онд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,  2016-2023 онд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч, 2023-2024 онд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байлаа. Хууль зүйн доктор (LL.D), дэд профессор Ж.Оюунтунгалаг нь шүүгчээр 11 жил 11 сар ажилласнаас хууль зүйн салбарт, тэр дундаа иргэний эрх зүй, иргэний процессын эрх зүй чиглэлээр мэргэшсэн, оюунлаг шүүгч байв.

Тэрээр 2010 онд “Civil Remedies Against Аgainst Opportunitism in Mongolia, 2013 онд “Харьцуулсан иргэний эрх зүй”, 2018 онд “Иргэний эрх зүйн онолын асуудал”, 2020 онд “Иргэний эрх зүйн I, Ерөнхий анги”  2022 онд “Иргэний эрх зүй II, гэрээний үүрэг номоо хэвлүүлж, уншигчдын хүртээл болгон, иргэн, эдийн засаг, бизнесийн болон харьцуулсан эрх зүйн чиглэлээр сургалт, судалгааны ажлыг эрхэлж, 30 орчим сурах бичиг, ном, гарын авлага, нийтлэл, судалгааны өгүүлэл, илтгэлийг монгол болон гадаад хэлээр хэвлүүлж, хууль зүйн салбарыг хөгжүүлэх, сургалт, судалгаа хийх, хуульч, судлаач, залуу үеийнхний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд үнэт хувь нэмэр оруулсан билээ.

Ж.Оюунтунгалаг нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны шүүхийн шүүгчдийг нэгтгэсэн Монголын шүүгчдийн холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж, гишүүдийнхээ мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангуулах, шүүгчийн үйл ажиллагааг олон нийтэд таниулахад төдийгүй шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэхэд манлайлан ажиллаж байв.

 

     Түүний ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлэн төр засгаас Хөдөлмөрийн хүндэт медаль, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдгээр шагнажээ.

     Талийгаачийн шударга, оюунлаг, ухаалаг, эгэл даруу, бүтээлч хөдөлмөрч, манлайлагч, эрс шулуун зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

      Талийгаачийн эцэг эх, гэр бүл, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.209.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.