Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо
Үйл явдал
/
17 цаг 4 мин

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо.

2024 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болсон 36 дахь удаагийн “Номын баяр”-ын хамгийн хүндтэй шагнал болох “Мэргэн ном” цомыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар гардуулж баяр хүргэлээ.

“Номын ертөнцийн гавьяатан”-аар “Аргун” хэвлэлийн газар, “Мэргэн уншигч”-аар номын соёлыг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Номын жор“ клуб тодорлоо.

Мөн “Номын баяр”-т сайн дурын ажилтнаар оролцсон, анги, хамт олноороо ном худалдаж авдаг, ном шимтэн уншдаг хүүхдүүдийн төлөөлөл гарын бэлэг гардлаа.

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилсан “Номын баяр”-ыг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах болсон юм.

Энэ удаагийн баярт дотоодын 500 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгчээс гадна Орос, Хятад, Солонгос, Польш Улсын төлөөлөл оролцсон байна.

Баярын үеэр зохиолч, хэвлэн нийтлэгчид бүтээлээ нийтэд толилуулж, үзэсгэлэн, уралдаан, өдөрлөг, уншигч, зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт, сэдэвчилсэн бүтээлийн танилцуулга зэрэг үндэсний бичиг соёлоо сурталчилсан, ном унших идэвх, санаачилгыг өрнүүлсэн олон арга хэмжээ, соёл, урлагийн тоглолт болсон юм.

Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Номын сайн нөхөр” хөдөлгөөн өрнүүлэхээр тусгаж, монгол хүнийг номтой нөхөрлөж, соён гэгээрэх үйл явцыг нь дэмжих зорилго тавьсан.

Энэ хөдөлгөөнийг “Номын ертөнц” клубын хүүхдүүд үндэсний хэмжээнд удирдахаар болжээ.

Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.170.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.