Оксфордын эрдэмтдын бүтээсэн ВАКЦИН дархлаа үүсгэж чаддаг болох нь батлагдлаа
Үйл явдал
/
2020-07-22

Оксфордын эрдэмтдийн бүтээж буй ChAdOx1 nCoV-19 нэртэй вакцин коронавирусын эсрэг дархлаа тогтоож чаддаг болох нь батлагджээ. Вакцины туршилтад оролцсон 1,077 хүнд коронавирусын эсрэг биетүүд болон коронавирустэй тэмцдэг цагаан эсүүд/T-cell/ үүссэн байна. Эрдэмтэд энэ ололтыг маш том ахиц дэвшил гэж үзэж байгаа ч вакцины хүн дээрх туршилт үргэлжилж байгаа юм.

Энэхүү вакцинаас Их Британи улс аль хэдийн 100 мянган тунг захиалаад байна.

ChAdOx1 nCoV-19 нэртэй вакциныг шимпанзе бичийг өвчлүүлдэг ердийн ханиадны вирусийг генетикийн инженерчлэлийн арга хэрэглэн өөрчлөх замаар бүтээжээ.

Вакцин хийснээс хойш цусан дахь T-cell буюу цагаан эсийн хэмжээ 14 дэх хоног дээрээ дээд цэгтээ хүрсэн бол коронавирусын эсрэг биетүүд 28 дахь хоног дээрээ дээд цэгтээ хүрчээ. Гэхдээ дархлаа цаашид хэр удаан хадгалагдах нь энэ удаагийн туршилтаар тодорхой болоогүй байна.

Туршилтад оролцогсдын 90 хувьд нь вакцины нэг тун тариулсны дараа дархлаа тогтож байжээ.Харин 10 хүнд хоёр тунг тарьж байж коронавирусын эсрэг биетүүд үүсч эхэлсэн байна.

Вакцин нь хүний биед хүчтэй сөрөг нөлөөгүй боловч туршилтад оролцогсдын 70 хувьд нь вакцин тариулсны дараа хөнгөн халуурах, толгой өвдөх шинж тэмдгүүд илэрчээ. Судлаачдын зүгээс үүнийг парацетрамол эмээр намжаах боломжтой гэж үзэж байгаа аж.

Одоогоор хүн дээрх туршилтын гуравдугаар шатыг эхлүүлээд байгаа бөгөөд энэ шатанд туршилтад оролцогч сайн дурын хүмүүсийн хүрээгээ улам тэлэх зорилготой байгаа аж. Вакцины туршилтад Их Британийн 10 мянган сайн дурынхан оролцохоос гадна АНУ-ын 30 мянган, Өмнөд Африкын гурван мянган, Бразилын таван мянган сайн дурынхан оролцохоор болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.189.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.