БШУЯ- аа! МҮИС орон нутгийн оюутнуудыг гудамжинд гаргаж байна
Үйл явдал
/
2020-09-24

Нэршлийн хувьд Монгол Улсын их сургуультай андуурагддаг Монголын үндэсний их сургууль орон нутгаас ирж, суралцаж, тус сургуулийн дотуур байранд амьдардаг оюутнуудыг “гадамжинд гаргах нь” Тодруулбал, коронавирусын хөл хориотой холбоотойгоор сургуулиудын үйл ажиллагааг өнгөрсөн хоёрдугаар сард зогсоосноор орон нутгаас УБ-т ирж суралцдаг оюутнууд гэртээ харьсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хоёрдугаар сараас тэд дотуур байранд байгаагүй гэсэн үг. Оюутнууд 2020 оны хичээлийн шинэ жил эхлэхэд дотуур байрны нэг жилийн төлбөр болох нэг саяас 1.5 сая төгрөгийг тушаасан байжээ.

Харин энэ хичээлийн жил эхлэхэд оюутнууд дотуур байрандаа суухаар ирэхэд сургуулийн удирдлагууд дахин бүтэн жилийн төлбөрөө төлөхийг шаардсан байна. Оюутнууд өнгөрсөн жил “суугаагүй” зургаан сарын төлбөрөө буцаан авах, эсвэл мөн хугацаатай дүйхүйц хугацаанд дотуур байранд төлбөргүй суух хүсэлтийг сургуулийн захиргаанд удаа дараа тавьсан ч хүлээн аваагүй аж.

Тодруулбал, МҮИС-ийн удирдлагууд “Коронавиус биднээс шалтгаалж дэгдээгүй. Сургуулийн үйл ажиллагааг бид зогсоогоогүй учир төлбөрийг буцаан олгох болон дүйцэх хугацаанд төлбөргүй суулгах боломжгүй. Хуулийн байгууллагад хандаж болно” гэсэн хариуг оюутнуудад өгчээ. Тиймээс оюутнууд орох газаргүй болсон тул нэг хэсэг нь дахин нэг жилийн төлбөрөө төлж дотуур байрандаа орж, зарим нь айлын хажуу өрөө, нийтийн байранд амьдрахаар явж, бас зарим нь асуудал шийдэгдэх байх хэмээн найдаж, найз нөхдийнхөө гэрээр ээлжлэн хоног төөрүүлж явна.

Түүнчлэн тэдний дотуур байрандаа үлдээсэн хувцас, эд зүйлс алга болсон, хөргөгч, угаалгын машин зэрэг эд зүйл с нь эвдэрсэн, бүр олдохгүй зэргээр олон асуудал тулгарч байгаагаа хэлж байна.

Эцэг эхээсээ хол, олны газарт бие даан суралцахаар яваа 18-22 насны залуус ийнхүү МҮИС-ийн удирдлагуудын хахир хатуу, хүн чанаргүй шийдвэрийн өмнө хүчин мөхөстөж, гудамжинд гарах дээрээ тулаад байгаагаа учирлаж байна. Харж хамгаалах хүнгүй яваа тэдний асуудлыг салбар яам анхааралдаа авч, оюутан залуус очих газаргүйгээс аливаа эрсдэлд өртөхөөс хамгаална уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.103.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.