Манай Улсын нэг хүн жилд 8,5 литр АРХИ, 28,8 литр ПИАВ хэрэглэдэгээрээ Азид 4-т орж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-09-25

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр ч хуулийн төслийг УИХ-ын намрын ээлжит чуулганд өргөн барихаар бэлдэж байна.  Өмнөх парламентын үед эмэгтэй гишүүд хамтран нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулсан ч бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсноор энэ асуудал орхигдоод байсан юм. Харин хоёрдахь төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж байгаа аж. 

Хоёр тусдаа боловсруулагдаж буй нэг хуулийн төсөлд холбогдох байгууллагуудаас санал авах хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл болон Хууль зүй, дотоод хэргийн сайд оролцсон юм. 

Манай улсад 44 /спиртын 6, архины 26, шар айрагны 12/ архи, согтууруулах ундааны үйлдвэр байгаа бөгөөд Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр 2019 онд нэг хүнд ногдох архи, дарсны хэмжээ 8.5 литр, шар айрагны хэмжээ 28.8 литр болж манай улс нэг хүнд ногдох архины хэрэглээний түвшингөөр Ази тивд дөрөвдүгээрт жагсчээ. 

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгож, зохицуулалтын утга, агуулга, нэр томъёог тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатай гэж дүгнэсэн байна. Уг хуульд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо, согтууруулах ундааны нийгэмд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөлд мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй байгаа. Тиймээс уг хуулийг боловсронгуй болгон шаардлага бий болоод байгаа билээ. 

Судалгаагаар сурагч, өсвөр үеийнхний 29.1 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн, 12.9 хувь нь согттлоо хэрэглэж үзсэн гэсэн бол тэдний эцэг эхчүүдийн 39.8 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэдэг, оюутнуудын 38.8 хувь нь хэтрүүлэн хэрэглэдэг, 70.6 хувь нь баар, диско клубт хэрэглэдэг,  15-24 насны хүүхэд залуучуудын 56.5 хувь нь сүүлийн нэг сарын хугацаанд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж хариулжээ

Цагдаагийн байгууллагын судалгаагаар эхний найман сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн 2,910 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Харин архины хурц болон архаг хордлогын улмаас 299 хүн нас барсан бол гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 53.3 нь согтуугаар үйлдэгджээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.9.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.