Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 149 дүгээр сургуулийн 720 хүүхдийн ШИНЭ СУРГУУЛЬТАЙ боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-09-26

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 149 дүгээр сургуулийн 720 хүүхдийн хүчин чадалтай барилгын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан уг сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцах нөхцөлийг бүрэн хангасан, гамшгийн үед хорогдох байр болгон ашиглах боломжтой, анги танхимын зохион байгуулалт, тохижилт нь сурагчдын аюулгүй, тав тухтай орчинд суралцах нөхцөлийг хангасан жишиг сургууль боллоо.

Нэг ээлжиндээ 720 хүүхдийн суудал бүхий дэлхийн жишигт нийцсэн сургуультай болсноор сургуулийн насны 2700 гаруй хүүхэдтэй тус хорооны хүүхдүүд харьяаллын дагуу 149 дүгээр сургуульд суралцаж эхлээд байна. Анхны хичээлийн жилээ 665 сурагч, 65 багш, ажилчинтайгаар эхлүүлж байгаа бөгөөд сурагчдын 80 орчим хувь нь Баянгол дүүргийн “Сэтгэмж” сургуулиас, бусад нь Сонгинохайрхан дүүргийн 129, 105 зэрэг сургуулиас шилжин иржээ.

Нээлтийн үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хэлсэн үгэндээ “Өнөөдөр манай дүүргийн 7 дугаар хорооны хүүхэд багачуудын хувьд тун баяртай өдөр тохиож байна. Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсан 28 жилийн хугацаанд сургуульгүй байсан тус хороонд жишиг сургууль үүд хаалгаа нээлээ. Энэ орчмын хүүхдүүд хөрш зэргэлдээ Сонгинохайрхан, Баянгол дүүргийн сургуулиудад суралцдаг байсан бол энэ өдрөөс эхлэн гэртэйгээ ойрхон аюулгүй орчинд сурч, боловсрох нөхцөл боломж хангагдлаа. Боловсролын хүртээмж ийнхүү нэмэгдэж байна, одоо бид сургалтын чанарт анхааран ажиллах болно. Дүүргийн Засаг даргын хувьд иргэд, хүүхэд багачуудынхаа нэрийн өмнөөс Японы Засгийн газар, ард түмэнд гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Цаашид 149 дүгээр сургуулийн гадна тохижилтын ажилд дүүргээс анхаарч ажиллана. Сурагчиддаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэдгийг онцолсон юм.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Нийгмийн Бодлогын Байнгын Хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Япон улсын элчин сайд Кобаяши Хироюки, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Японы олон улсын хамтын ажиллагааны "ЖАЙКА" байгууллагын төлөөлөл болон бусад албаны хүмүүс, 149 дүгээр сургуулийн хамт олон сурагчид оролцлоо.

Энэхүү сургууль нь 18 анги танхимтай. Үүнээс хоёр анги нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан. Сургуулийн спорт заал нь олон улсын стандартад нийцсэн зөөлөн шалавчаар тохижуулсан зэрэг хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангажээ. Мөн Японы талаас сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ашиглалтад оруулж хүлээлгэн өгч байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.27.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.