Г.Солтаны ЯЛЫГ ХЭВЭЭР үлдээлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-09-26

Нийслэлийн прокурорын газар улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, зургадугаар сарын 17-ны өдөр шүүхэд шилжүүлсэн билээ. Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан долдугаар сарын 29-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван  жилээр хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл есдүгээр сарын 22-ний өдөр Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан болж шүүгдэгч Г.Солтаны гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.880.500 төгрөгийг  түүнээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх  нэмэлт заалтыг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 

УИХ-ын гишүүн асан Г.Солтан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан "Монгол шаазан" ХХК-д 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь шүүхээр ийн тогтоогдоод байна. Тодруулбал, тэрбээр хөнгөлөлттэй зээл авахын тулд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлсөн хэмээн яллагдсан нь энэ юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.68.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.