Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2021 оны зургаадугаар сар хүртэл олгоно
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-05

Засгийн газраас 2021 оны Улсын төсвийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн. Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оны зургаадугаар сарыг дуустал олгох шийдвэр гаргаж, санхүүжилтийг 2021 оны Төсвийн төсөлд тусгажээ. 
 Цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөө иргэдэд хүндээр туссан хэвээр, энэ байдал ирэх онд ч үргэлжилнэ хэмээн тооцоолж байна. Тиймээс Засгийн газраас дэлхийн улс орнуудын адилаар иргэдийнхээ амьжиргааг дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Хүүхдийн мөнгөнд 865 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв. 

Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2021 оны зургаадугаар сар хүртэл олгох асуудлыг өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх юм байна. 2021 оны Улсын төсвийн төслийг УИХ-аар ирэх долоо хоногоос хэлэлцэх бөгөөд эцсийн шийдвэрийг УИХ-аас гарах юм.

Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сард цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс иргэдээ хамгаалах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авсны нэг нь сар бүр олгодог хүүхдийн 20 мянган төгрөгийг 100 мянга болгох шийдвэр байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.96.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.