2012-2016 онд "МОНГОЛБАНК" Хятадын Ардын банкнаас 12 тэрбум юань буюу 1,8 тэрбум ам.доллар авч хэрэглэжээ
Үйл явдал
/
2020-11-27
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн хуудсанаа ийнхүү мэдэгдлээ.
 
 
Монголбанк 2012-2016 онд Хятадын Ардын банкнаас 12 тэрбум юань буюу 1,8 тэрбум ам.доллар авч хэрэглэсэн. Энэ өрийн дарамт нийт ард иргэд дээр тусч байгаа. МУ-ын нэг иргэнд 1,650,000 төгрөгийн өрийн дарамт ирж байгаа.
 
2012-2016 онд их хэмжээний дээрх мөнгийг хяналтгүйгээр, үр өгөөжгүйгээр зарцуулснаас гадна Монголбанк 3 их наяд төгрөгийн алдагдал хүлээж улсын төсөвт их хэмжээний дарамт авчирсан. Энэ алдагдлын цаана хууль бус олон үйлдэл, үйл ажиллагаа байж болзошгүйг миний зүгээс УИХ-ын ажлын хэсэг ахалж, шалгаж дүгнэж, хуулийн байгууллагуудад шилжүүлсэн юм. Үүний дагуу хууль, шүүхийн байгууллага дээр мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаа явагдаж байна. Монголбанкийг 3 их наядаар хохироосныг хариуцлагажуулах зорилгоор миний бие УИХ-ын 2017 оны 43 дугаар тогтоолыг санаачилж батлуулсан нь хариуцлага тооцох, дахиж хэзээ ч ийм зүйл давтагдахгүй байх жишгийг тогтоож өгсөн юм.
 
Хятадын талд төлөх 12 тэрбум юань буюу 5,2 их наяд төгрөгийн хувьд зөвхөн хүүнд нь Монголын тал Хятадын талд нийт 4.4 тэрбум юань буюу 660 сая ам.долларыг төлсөн бол 2021 онд 594 сая юань буюу 87 сая ам.долларын хүү төлөхөөр хүлээгдэж байна. Энэхүү своп хэлцлийн гэрээнд МУ-ын эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд хохиролтой хоёр заалт оруулсан байсан нь Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох нэг үндэслэл болсон бөгөөд уг хоёр заалтыг гэрээнээс хасах арга хэмжээг авахуулсан юм.
 
Свопын улмаас 2012-2016 онд үүссэн өртэй холбогдуулж бид хариуцлага тооцож ажиллаж байгаа, 2016 оноос хойш нэмж нэг ч юань авахыг зөвшөөрөөгүй.
 
Харин 12 тэрбум юань буюу 5,2 их наяд төгрөгийн өр хүүтэйгээ хамт улсын эдийн засаг, аж ахуй эрхлэгчид, ард иргэдийн нуруун дээр өрийн дарамт үзүүлж байгаа учраас УИХ, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын уулзалтын механизмын Гуравдугаар уулзалтын үеэр КОВИД-19 халдвараас үүссэн хүндрэл бэрхшээлийг харгалзан үзэж энэ өрийг тэглэх, хөнгөлөх чиглэлээр хоёр улсын парламентыг хамтарч ажиллах саналыг тавьсан болно.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.62.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.