Т.Аюурсайхан гишүүн ХЯТАД улсаас зээлсэн 12 тэрбум юанийн ӨРИЙГ ТЭГЛЭЖ өгөхийг хүсчээ
Үйл явдал
/
2020-11-27
Монгол Улсын их хурал, БХАТИХ-ын байнгын уулзалтын механизмын гурав дахь удаагийн уулзалт цахимаар боллоо. Уулзалтыг Монголын талаас УИХ-ын дэд дарга, Т.Аюурсайхан, БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь нар даргаллаа. Монголбанк, Хятадын Ардын банктай "Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох" своп хэлцлийг байгуулснаар 2012-2016 онд нийт 12 тэрбум юань буюу 1.8 тэрбум ам.долларыг зарцуулжээ. 2016 оноос хойш хэлцлээс нэмж ашиглаагүй байна. Монголын тал Хятадын талд нийт 4.4 тэрбум юань буюу 660 сая ам.долларын хүү төлсөн бол 2021 онд 594 сая юань буюу 87 сая ам.долларын хүү төлөхөөр хүлээгдэж байна.
 
Тэгвэл коронавируст цар тахлын улмаас үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг харгалзан үзэж Монголын талын өрийг тэглэх, хөнгөлөх чиглэлээр УИХ болон Бүх Хятадын Ардын Төлөөлөчдийн Их Хурал хамтарч ажиллах саналыг төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан илэрхийлж, дараах саналуудыг дэвшүүлэв:
1. Хууль тогтоох байгууллагуудын хооронд хамтын ажиллагааг эрчимжүүлэх;
2. Монголын “Талын зам”, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах;
3. ЗГХК-ын хуралдаанаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар тодорхой тохиролцоонд хүрснийг хоёр улсын парламент дэмжих;
4. Коронавирусын халдвартай тэмцэхэд хамтарч ажиллах, хилийн боомт орчимд халдвараас сэргийлж хамтарч ажиллах, хилийн боомтын “Ногоон гарц” түр журмыг үргэлжлүүлж худалдааг дэмжих;
5. “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах явцыг түргэтгэхэд дэмжлэг үзүүлэх;
6. Монголын нутгаар дамжих байгалийн хийн хоолойн төслийг эрчимжүүлэхэд хоёр улсын парламентаас бодлогын дэмжлэг үзүүлэхийг санал болгов.
 
Хятадын талд төлөх 12 тэрбум юань буюу 5,2 их наяд төгрөгийн хувьд зөвхөн хүүнд нь Монголын тал Хятадын талд нийт 4.4 тэрбум юань буюу 660 сая ам.долларыг төлсөн бол 2021 онд 594 сая юань буюу 87 сая ам.долларын хүү төлөхөөр хүлээгдэж байна. Энэхүү своп хэлцлийн гэрээнд МУ-ын эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд хохиролтой хоёр заалт оруулсан байсан нь Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох нэг үндэслэл болсон бөгөөд уг хоёр заалтыг гэрээнээс хасах арга хэмжээг авахуулсан юм. Свопын улмаас 2012-2016 онд үүссэн өртэй холбогдуулж бид хариуцлага тооцож ажиллаж байгаа, 2016 оноос хойш нэмж нэг ч юань авахыг зөвшөөрөөгүй. Харин 12 тэрбум юань буюу 5,2 их наяд төгрөгийн өр хүүтэйгээ хамт улсын эдийн засаг, аж ахуй эрхлэгчид, ард иргэдийн нуруун дээр өрийн дарамт үзүүлж байгаа учраас УИХ, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын уулзалтын механизмын Гуравдугаар уулзалтын үеэр КОВИД-19 халдвараас үүссэн хүндрэл бэрхшээлийг харгалзан үзэж энэ өрийг тэглэх, хөнгөлөх чиглэлээр хоёр улсын парламентыг хамтарч ажиллах саналыг тавьсан болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.180.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.