Х.Баттулга: 50 мянган төгрөг хулгайлаад ял шийтгүүлсэн иргэн ӨРШӨӨЛ ирж байхад Б.Ундармааг торгоод явуулсан
Үйл явдал
/
2020-11-27

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2020.11.27/ УИХ-ын чуулганы цахим хуралдаанд оролцож, Шүүхийн багц хуулийн талаар байр сууриа илэрхийллээ.

...шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал улс төрийн нэг нам, түүний доторх бүлэглэл фракцийн хэмжээнд, ард түмний баялагт эзэн суусан этгээдүүдийн явцуу ашиг сонирхлыг хангах байдлаар бус Монгол Улсын иргэн бүр хүний ёсоор үнэлэгдэж хуулийн өмнө эрх тэгш байх нөхцөлийг бүрдүүлэх, татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь зувчуулсан эрх баригч намын гишүүн торгуулаад өнгөрдөг, тавь жархан мянган төгрөгийн хэрэгт холбогдсон энгийн иргэн нь шоронд тарчилж байдаг увайгүй ёсыг халах тодорхой зорилтын хүрээнд олон талын оролцоог хангасан, ажил хэрэгч санал, санаачилгыг хүндэтгэсэн, тус тусын эх оронтой мэт авирлахын оронд авах гээхийн ухаан зарж хамгийн оновчтой зөв бодлогыг олоход чиглэсэн, ийм ухамсар, соёл, хандлагад тулгуурласан байдлаар явагдвал зохих байлаа.

Тодорхой жишээ хэлье. Нийгмийн даатгалын санг тонож, татвар төлөгчдийн 340 гаруй тэрбум төгрөгийг зувчуулсан Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол ардын намын гишүүн Б.Ундармаа торгуулсан болоод хэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан энгийн иргэн, мөн баавгайн арьс, савар авч яваад ял авч шоронд хоригдсон энгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал гуйж байх жишээтэй. Цаг бага байгаа учраас ийм жишээг бүгдийг нь дурдах боломж байсангүй. Үүнийг ярихгүй юм уу, шударга ёсыг хуулиараа тогтоохгүй юм уу, шүүхийн хэрэглэдэг хуулиудад шударга ёсоо суулгаж, хууль ёсыг шаардахгүй юм уу гэж ард түмэн Та бүхнээс хүлээж байгаа.

Харамсалтай нь Монгол ардын намын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн шүүхийн багц хуулийн төслийг хэлэлцэхгүй гэдгээ зарлан, төрийн ёсыг умартсан, илэрхий гүжирдсэн, олон нийтийг төөрөгдүүлэх тодорхой зорилготой, эрээ цээргүй дайрсан мэдэгдлүүд хийж, асуудалд хүч түрж, хэт улс төржсөн байдлаар туйлын бүдүүлэг хандсан нь эмгэнэлтэй гэхээс өөр дүгнэлтгүй болгож байна.

Шүүхийн асуудал бол хэдэн шүүгчийн биш ард иргэдийн амьдрал, хувь заяатай холбоотой асуудал гэдгийг би сая хэлсэн. Би энэ зарчмын хүрээнд шүүхийн асуудалд хандаж байгаа, цаашид ч ингэж хандах тул элдвээр мушгин гуйвуулж, улс төржихгүй байхыг Монгол ардын намын бүлгийн гишүүдэд мөн анхааруулъя.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.119.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.