Аардчилсан намын гишүүд өнөөдөр буруутан болж байгаад харамсч байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-14

УИХ дахь АН-ын бүлэг хуваарь ёсоор өнөөдөр (2020.12.14) хуралдаж, энэ долоо хоногт чуулган, байнгын хороодоор хэлэлцэх хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэжээ. Мөн өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр болох ирэх оны долдугаар сарын 1-нийг хүртэл иргэд, ААН-ийн цахилгаан, усны төлбөрийг тэглэхтэй холбоотойгоор АН-ын бүлэг байр сууриа илэрхийллээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ:

-АН-ын бүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс удаа дараа шаардаж байсан асуудлыг Засгийн газраас шийдлээ. Уг шийдлийг дэлхийн олон оронд авч хэрэгжүүлж байсан. Гэхдээ энэ нөхцөл боломжийг бий болгосон нь АН гэдгийг бүгд санаж байгаа байх. 2012-2016 онд АН Эрдэнэтийн 49 хувийг ОХУ-аас авч, 100 хувь Монгол Улсын мэдэлд авчирсны хүчинд Засгийн газраас иргэд, ААН-үүдийн цахилгаан, дулааныг тэглэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэртэй холбоотойгоор цахилгаан эрчим хүчний салбар доголдох ёсгүй. Үүнд Засгийн газраас мөн анхаарах шаардлагатай. Тооцоо судалгаа хийсэн байх. Энэ хүнд хэцүү үед төрийн халамжийн гадна үлдсэн малчид болон аймаг, сумын иргэд байна. Тэр хүмүүст мөн шахмал түлшийг 75 хувиар хямдруулж авах боломж олгох ёстой. Засгийн газрын хуралдаанаар энэ долоо хоногт малчдын талаар авах арга хэмжээг хэлэлцэнэ гэсэн. Үүнийг хүлээж байна. Зудтай зургаан аймгаас Баянхонгор аймагт өвөлжилт маш хүнд байгаа учир онцгойлон анхаарах шаардлагатайг хэлмээр байна" гэлээ. Дашрамд дурдахад, АН Их хурлаа арванхоёрдугаар сарын 18, 19-ний өдөр цахимаар хийхээр болжээ.

Шүүхийн тухай хуулийн төслийн талаар тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариуллаа. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “ШЕЗ-ийн гурван гишүүнийг Хүний эрхийн комиссынхтой ижил томилгооны сонсгол хийж УИХ сонгон шалгаруулна гэж байна. Хүний эрхийн комисст бизнес, улс төрийн бүлэглэлээс хэн ч оролцохгүй. Харин ШЕЗ-д нэр дэвших нь бүлэглэлүүдийн лобби явна. Тэгэхээр энэ заалтыг эсэргүүцэж байна” гэлээ.УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Н.Ганибал, ажлын хэсгүүд яагаад  өөр өөр зарчмын зөрүүтэй санал гаргаад байгаа талаар лавласан. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, иргэдээс асууна, нээлттэй сонсгол хийнэ гэдэг сайхан үгээр далдалж, улс төрийн сонирхолоо ард түмнээр баталгаажуулдаг байдлыг шүүмжлэв. Гишүүд шүүх хараат бус ажиллах, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангасан хууль болох ёстой гэдэгт санал нэг буйгаа илэрхийлсэн. 

Харин Тагнуулын байгууллага одоогийн хуулиар дарга, дэд даргатай байгаа. Хуулийн өөрчлөлтөөр  Тэргүүн дэд даргын албан тушаал нэмэхээр тусгасан. Мөн хамт хэлэлцэх  Зэвсэгт хүчний тухай хуулийн төслөөр  Хилийн тагнуулын алба , Цэргийн тагнуулын газрыг буцаан сэргээхээр төсөл боловсруулжээ. Одоогоор хил, зэвсэгт хүчний тагнуулын алба Тагнуулын ерөнхий газарт харьяалагдан ганцхан албан тушаалтан хариуцан ажиллаж байгаа. Мөн “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-г Засгийн газрын тусгай сангаас салгахаар тусгажээ. Гишүүд, шилжилтийн улмаас ТЕГ-аас Зэвсэгт хүчинд шилжих ажилтнуудын цалин, ажиллах нөхцөл хэр өөрчлөгдөх, нэгдмэл үйл ажиллагаа нь яаж хангагдах, ажлын хийдэл, давхардал үүсэх  талаар лавлаад хэлэлцэх эсэхийг дэмжив.

Хуулийн төслүүдээс гадна Ерөнхий сайдын шийдвэрээр айл өрхийн хэрэглээний зарим төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээр төлүүлэх асуудалтай холбоотой санал солилцов. Ардчилсан нам засгийн эрхийг барьж байх үедээ Эрдэнэтийн 49 хувийг монголдоо авах шийдвэрийг гаргаж байсан.Үүний үр дүнг өнөөдөр нийтээрээ хүртэж байна. Баялгаа эх орондоо үлдээж, үр шимийг нь хүртэх боломж гаргасан тухайн үеийн Ерөнхий сайд, ардчилсан намын гишүүд өнөөдөр буруутан болж байгаад харамсч байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.189.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.