УЛСЫН ДАЙСАН гэгдэж байсан ЖЕНКО Х.БАТТУЛГА “АРДЫН БААТАР” болчихлоо !!
З.Батхуяг
Нийтлэл
/
12 цаг 14 мин

Улс орны хөгжлийг олон жилээр гацаасан эрхмүүдийн тэргүүн эгнээнд Ерөнхийлөгч асан Х.БАТТУЛГА ба түүний нөхөд гэж цоллуулж байв. Түүнийг ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ Хятадууд ороод ирнэ, танк ороод ирнэ гээд гацаасан гэдэг. Энэ тухай нэвтрүүлэг гарган түгээж байсан цаг саяхан.

2010 оноос 2025 он хүртэл бүхэл бүтэн 15 жил гацсан “ТӨМӨР ЗАМЫН ХИЛ ХОЛБОЛТ”-ын маргаан Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн “Хурдтай хөгжлийн Зориг” хамтарсан Засгийн газрын үед арай гэж нэг гацаанаасаа гарав. Ерөнхий сайд болон бусад албаныхан БНХАУ-д айлчлахдаа Ерөнхий сайдтай нь тохирч, дахиж өргөн нарийн царигийн тухай маргаан гаргахааргүй болоод яг цав болоод ирсэн. Энэ тухайгаа Ерөнхий сайд “Үндсэндээ БНХАУ-ын тал манай талд бууж өгсөн. Тэд “Эрдэнэс Тавантолгойгоос хувь авахгүй. Нүүрс хямд авна гэхгүй” манай тал бүх асуудлаа бие дааж шийдэхээр болсон” гэж танилцуулав.

Цаг хугацааны цаглабарын хувьд энэхүү төсөл 2003 оноос эхлэн харилцан санал солилцож, 2008 оноос албан ёсоор яригдаж, өнгөрсөн 16-20 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр зөвлөмж, Улсын Их Хурлын таван тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарч, төмөр зам барих тусгай зөвшөөрлийг таван удаа олгож, дөрвөн удаа цуцалсан байна. Товч байдлаар дүгнэж хэлэхэд, эдгээр хэлэлцээр хоёр улсын Засгийн газрын хооронд хийгдэх хэлэлцээрт гуравдагч этгээдийг оруулах, Эрдэнэс Тавантолгойн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, хувь эзэмших, Тавантолгойн орд болон төмөр замын эзэмшил 49:17:17:17 байх зэрэг асуудлыг оруулснаас шалтгаалж, улс төрийн үндсэн гацалт үүссэн байсныг ийнхүү арилгав.

Ийнхүү төмөр замын өргөн, нарийн царигийн хэрүүл эцэслэгдэж “Тусгаар тогтнол 2” гэх гарчигтай баримтат киног Засгийн газраас санхүүжүүлэн телевизүүдээр цацав. Гол дүрийн жүжигчин нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан, одоогийн УИХ-ын гишүүн Х.БАТТУЛГА. оролцон тоглосон нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, ЗГХЭГ-ын дарга Н.УЧРАЛ, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан А.Гансүх, Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын төлөөлөгч Н.Мандуул, нүүрсний оптек гэрээний автор Амундра нар байв.

Өнөөх УЛСЫН ДАЙСАН, улсаасаа урвагч Х.БАТТУЛГА чинь чухам инээгээд л би баяртай байна. Олон жил гүтгүүлсэн, цоллуулсан төмөр замын асуудал одоо эцэслэгдэж байгаад баяртай байна. Монголчууд өөрсдөө төмөр замаа барьж чаддаг гэдгийг харуулсандаа баяртай байна. Монголчуудыг юу ч чаддаггүй гэж шоолж байсан хүмүүст чаддаг гэдгийг харууллаа” гэх зэргээр инээмсэглэн ярив.

Сайнаар ч тэр, саараар ч тэр Х.Баттулга ямар ч гэсэн МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛД өөрийн хувь нэмрээ оруулж чадсан. Шүүмжлэгчдийнх нь хүсдэгээр тэр МЯНГАНЫ АЛДАРТАЙ ГАЦААГЧ, ХОРЛОН СҮЙТГЭГЧИЙН ДҮРЭЭР, харин өөрийг нь тахин шүтэгчдийн нүдээр бол Монгол улсын хөгжилд нэн чухал ач холбогдолтой, стратегийн гол замыг цэргүүдээр бариулж, өөрөөрөө авторлуулан байж дуусгасанаараа тэр алдаршиж байна. АРДЫН БААТРЫН ДҮРЭЭР зурагтаар олон гарав. Мэдээж найруулагч нь алдарт “HERO” БААТАР. Ерөнхийлөгч асан Х.БАТТУЛГА ярилцага дундаа “Одоогийн Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ Ерөнхий сайд байхдаа, Л.Оюун-Эрдэнэ хэрэг эрхлэхийн сайд байхдаа ТӨМӨР ЗАМЫН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ИХЭЭХЭН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ГАРГАСАНД БАЯРТАЙ БАЙДАГ” гэсэн нь зүгээр ч нэг хэлсэн үг, талархсан сэтгэгдэл биш шиг байгаа юм.

15 жил гацсан төмөр замыг улсад үзүүлсэн эдийн засгийн хохирол нь 18,5 тэрбум ам доллар гэв. Ерөнхий сайдын хэлдэгээр бид 15 жилийн өмнө төмөр замаа гацаанаас гаргачихсан бол одоо утаа, түгжрэл гэж ярихааргүй байсан гэдэг. Энэ ч үнэний ортой л үг. Гэхдээ Монголын хөгжилд хэрэгтэй том төслүүд дандаа гацдаг. Бид өмнө нь ОЮУТОЛГОЙН ордыг 10 гаруй жил гацааж байж эцэст нь 2009 онд хөдөлгөж, өнөөдөр түүний ашгаар амьдарч байгаа. Саяхан батлагдсан “УРАНЫ ГЭРЭЭ” ч 27 жил гацсан байна. Үүнээс гадна “Эгийн голын усан цахилгаан станц”, “Тавантолгойн цахилгаан станц”, “Тавдугаар цахилгаан станц”-ын төслүүд ч багадаа найм түүнээс дээш жил гацсан.

Шалтгаан нь мөнгөтэй, үндэстэн дамнасан компаниас санхүүждэг улстөрчид гацаадаг. Тухайн аж ахуй нэгждээ ахиу хувь өгөх гэж, өөртөө унац гаргах гэж, эсвэл өөртөө орд газартай болох гэсэн хувийн бодол тээсээр улс орныхоо хөгжлийг гацаадаг.

Тэрээр олон жилийн өмнө “...Үнэлэгдэх цаг ирнэ. Гэхдээ Д.БОДОО ШИГ 100 ЖИЛИЙН ДАРАА БИШ БАЙХ” гэсэн нэгэн нийтлэл бичсэн нь бий... Ёсоор болж байх шиг ээ!!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
4
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.104.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.