ЭЗБХ: СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг явууллаа
Үйл явдал
/
11 цаг 39 мин

Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр (2025.01.14) гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр, 09 цаг 39 минутад Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг эхлүүллээ.

 

Сонсголоор нэр дэвшигчид тухайн албан тушаалд нэр дэвшсэн үндэслэл, мэдлэг, мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд тэнцэх эсэх, тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар мэдээлэл авах зорилготой гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Р.Сэддорж тодотгоод, сонсголын дэгийг танилцуулсан. Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшигчийн сонсголыг эхлүүлж, нэр дэвшигчийг Р.Сэддорж дарга танилцуулсан.

 

Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага бөгөөд Хороо нь дарга, 6 гишүүний бүрэлдэхүүнтэй. Хорооны даргад Улсын Их Хурлын дарга нэг хүний нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж томилох зохицуулалттай бөгөөд Улсын Их Хурлын дарга Түндэвийн Жамбаажамцыг нэр дэвшүүлсэн байна.

Т.Жамбаажамц нь 1982 онд Баянхонгор аймагт төрсөн, 43 настай. Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгсөж, Санхүү эдийн засгийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Нэр дэвшигч 2006-2007 онд Санхүүгийн зохицуулах хороо, Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн; 2009-2011 онд Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны газрын хянан шалгагч; 2011-2013 онд Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч; 2013-2014 онд Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн зах зээлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга; 2014-2015 онд Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны газрын дарга; 2015-2016 онд Санхүүгийн зохицуулах хороо, Хяналт шалгалтын газрын орлогч дарга; 2016 оны 8 дугаар сараас одоог хүртэл Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байгаа, улсад 19 жил ажилласан байна. Нэр дэвшигч нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан Хорооны даргад тавигдах шаардлагыг бүрэн хангасан гэдгийг сонсгол даргалагч Р.Сэддорж гишүүн танилцуулсан. Үргэлжлүүлэн холбогдох дэгийн дагуу нэр дэвшигч Т.Жамбаажамц сонсголд оролцогчдод өөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулав. Санхүүгийн зохицуулах хороор 2006 онд байгуулагдахад тэрбээр мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж байснаа онцлоод, шатлан дэвших зарчмаар хянан шалгагч, ахлах хяналт шалгагч, хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын даргаар ажиллаж байгаад 2016 оноос хойш тус Хорооны ажлын албаны даргаар ажиллаж байгаагаа танилцуулсан. Нийт 19 жил төрийн албанд, Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байгаа гэдгээ танилцуулаад, энэ хугацаанд санхүүгийн зах зээл өндөр хөгжсөн, санхүүгийн зах зээлийн зохицуулагч гадаадын байгууллагууд болон томоохон хөрөнгийн биржүүд, хөрөнгө оруулалтын сангуудад дунд, урт хугацааны мэргэшүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдаж, ажиллаж байсан туршлагатай гэв. Үүний зэрэгцээ хуулиар зөвшөөрсний дагуу  Санхүү эдийн засгийн их сургуульд багшилдаг, дэд профессор цолтой, судалгааны чиглэлээр эрдэмтэн, тэргүүлэх мэргэжилтнүүд, судлаач нартай хамтарч судалгааны ажлууд хэвлүүлсэн талаараа дэлгэрэнгүй танилцууллаа. Үүнээс гадна санхүүгийн салбарын эрх зүйн реформын хүрээнд үүрэг хүлээж ажилласан гэдгээ дурдсан. Санхүүгийн зохицуулах хороо нь 30 гаруй хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, 10 гаруй ийм томоохон салбарын үйл ажиллагаанд хяналт тавьдаг, зохицуулалттай иргэн, аж ахуйн нэгжийн тоо 6000 гаруй байдгийг тэрбээр дурдаад Хорооны даргаар томилогдон ажиллах тохиолдолд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхарилжааны даатгалын зах зээлийг зохих түвшинд хөгжүүлэхМөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын техникийн 40 зөвлөмжийг Монгол Улс бүрэн хэрэгжүүлсэн бөгөөд үүнээс 25 нь Санхүүгийн зохицуулах хороонд шууд хамааралтай байдаг учир эдгээр зөвлөмжийн хэрэгжилтийг бататгах чиглэлд анхаарч ажиллана гэдгээ танилцууллаа.

Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, Ч.Лодойсамбуу, Э.Батшугар, Дав.Цогтбаатар, Д.Энхтүвшин, Б.Жаргалан, Р.Сэддорж нар нэр дэвшигч Т.Жамбаажамцаас асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Р.Сэддорж нар Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэлсэн. Авлигыг бууруулах, нөгөө талдаа иргэдийн илтгэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх, санхүүгийн зах зээлийг эрчимжүүлэхэд чухал үүрэгтэй, нөлөө бүхий байгууллагыг удирдахаар нэр дэвшиж буйг нь тэмдэглээд үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангаж, салбар дахь шударга өрсөлдөөнийг дэмжин ажиллахыг хүслээ. Томилогдсон тохиолдолд иргэдийг дэмжих, зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарч, өөрийн зүгээс санаачилгатай ажиллахыг Р.Сэддорж гишүүн хэлж байв. Түүнчлэн технологид суурилсан санхүүгийн салбар дахь өөрчлөлтөд тохирсон бодлого, арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж ажиллахыг хүссэн.

 

Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг явуулав. Эдийн засгийн байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Б.Саруул, Л.Сонор, Ш.Хандсүрэн нарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Р.Сэддорж нэр дэвшигч Булганы Саруулын талаар танилцуулав.

Б.Саруул нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай. Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуульд 2002 онд олон улсын харилцааны чиглэлээр бакалавр; 2018 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2002-2004 онд Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь төлөөлөгчийн газарт Үндэсний зөвлөх; 2006-2008 онд “Олон улсын хөгжлийн хүрээлэн” ХХК, Австралийн зөвлөх компанийн Монгол дахь төлөөлөгчийн газaрт Гүйцэтгэх захирал; 2008.03-2010 онд НҮБХХ төсөл, Бодлого зохицуулалт, Засгийн газрын хамтын ажиллагаа хариуцсан ажилтан; 2010-2011 онд “Арта-Инвест” ХХК брокер, дилерийн компанийн Гүйцэтгэх захирал; 2011-2014 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга; 2014-2015 онд Хонконгийн Үнэт цаас, фючерсийн хорооны Санхүүгийн газрын ахлах менежер; 2014-2015 онд Төрийн банкны Гүйцэтгэх захирлын орон тооны зөвлөх; 2019-2020 онд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга; 2021-2022 онд “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Дэд захирал; 2022-2024 онд Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн Захиргаа, санхүүгийн хэлтсийн менежер; 2024 оноос Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллажээ. Тэрбээр улсад 23 жил жил ажилласан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан холбогдох шаардлагыг бүрэн хангасан хэмээн Р.Сэддорж дарга танилцуулсан.

 

Нэр дэвшигч Б.Саруул өөрийнхөө талаар танилцуулахдаа “Сүүлийн 10 гаруй жил хөрөнгийн болон санхүүгийн зах зээл дээр ажиллаж байгаа. 2011-2014 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын даргаар ажиллаж байхдаа Үнэт цаасны тухай хуулийн төслийг боловсруулах, холбогдох журмуудыг боловсруулах, хэрэгжүүлэх ажилд оролцож байв. Улмаар Хорооноосоо томилгоотойгоор 2014-2015 онд Хонконгийн Үнэт цаас, фючерсийн хорооны Санхүүгийн газрын ахлах менежерээр ажилласан” хэмээн танилцуулав. Мэдлэг, туршлагаа хөрөнгийн зах зээлийн хөгжилд зориулах, хувь оролцоотой байх чин эрмэлзэлтэй гэдгээ тодотгов.

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Р.Батболд, Б.Жаргалан нар асуулт асууж, нэр дэвшигч Б.Саруулаас хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нэр дэвшигчийн гадаадад ажилласан туршлагыг онцлон, амжилт хүсээд санхүүгийн зах зээл нь эдийн засгийг тэлэх, авлигыг бууруулахад чухал нөлөөтэй учраас засаглалыг сайжруулж, ил тод, шударга ажиллах шаардлагай хэлж байлаа. Х.Ганхуяг гишүүн Хороонд ажиллаж байсны зэрэгцээ гадаад харилцааны туршлагатайг нь онцлолоо. Тус байгууллага нь тодорхой тооны зөвшөөрөл олгодог талаар дурдаад цаашид зөвшөөрлийн тоо буюу хүнд суртлыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарч ажиллахыг хүсэв. Ёс зүйтэй, мэргэжлийн байх шаардлага өндөр тавигдана гэдгийг сануулж байв.

 

Эдийн засгийн байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлсэн Лувсандоржийн Сонорын талаар сонсгол үргэлжиллээ. Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Р.Сэддорж нэр дэвшигчийг танилцуулав.

Нэр дэвшигч Л.Сонор нь 1990 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. 2008-2010 онд АНУ-ын Такома коммюнити коллежийд бизнесийн удирдлагын бакалавр; 2011-2014 онд АНУ-ын Вашингтоны их сургуулийг санхүү, бизнесийн удирдлагаар; 2021-2022 онд  БНХАУ-ын Цинхуа их сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2015-2016 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн зөвлөх (Дэлхийн банк); 2017.01.-2017.09 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн гэрээт ажилтан; 2017.09-2018.04 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн; 2018 оноос хойш Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм байна. Улсад 10 жил ажиллаж байгаа Л.Сонор нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа аж.

 

Нэр дэвшигчийн томилгооны сонсголд оролцож буй Г.Лувсанжамц, Э.Цэнгүүн, П.Сайнзориг, М.Мандхай, Ж.Алдаржавхлан, Р.Сэддорж нар Л.Сонороос асуулт асууж, хариулт авсан. Нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Дав.Цогтбаатар, О.Батнайрамдал нар үг хэлсэн.

 

Эдийн засгийн байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлсэн Ш.Хандсүрэнгийн талаарх танилцуулгаар сонсгол үргэлжилсэн. Дэгийн дагуу Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Р.Сэддорж нэр дэвшигчийн талаар танилцууллаа.

Шагдаржавын Хандсүрэн нь 1985 онд Хөвсгөл аймагт төрсөн, 41 настай. Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг 2009 онд банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн, 2015 онд тус сургуульд санхүүгийн менежментээр магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2010 онд Монголбанкны Хяналт шалгалтын газарт хянан шалгагчаар ажиллаж эхлээд 2013 онд Зайнаас хяналт тавих хэлтсийн ахлах хянан шалгагч, 2018 онд Монголбанкны Банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, 2019 онд Капитал банканд Эрх хүлээн авагчаар, 2020 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтсийн ахлах хянан шалгагчаар, Зөвшөөрлийн хэлтсийн захирлаар ажиллаж байгаад 2021 оноос Төв банкны Зөвшөөрлийн албаны даргаар ажиллаж байгаа юм байна. Ш.Хандсүрэн нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгааг Р.Сэддорж дарга танилцууллаа. Дараа нь нэр дэвшигч өөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

 

Нэр дэвшигчийн томилгооны сонсголд оролцож буй гишүүд нэр дэвшигчээс асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Дав.Цогтбаатар гишүүн нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэлэв. Цахим зээлийн асуудалд анхаарал хандуулж, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хохирлоос сэргийлэх шаардлагын талаар тайлбарлаад, Санхүүгийн зохицуулах хорооноос олгож буй зөвшөөрлүүдийг цахимжуулах, Хорооны үйл ажиллагаанд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхдээ шуурхай ажиллахыг хүслээ.

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшигчийн томилгооны сонсголоор сонсгол үргэлжиллээ. Мягмарсүрэнгийн Буяндэлгэрийн талаар Р.Сэддорж дарга танилцуулав. М.Буяндэлгэр нь 1980 онд Архангай аймагт төрсөн, 45 настай. 2001  онд Хөдөө аж ахуйн их сургуулийг газар зохион байгуулагч, инженерээр төгссөн. 2003 онд тус сургуульдаа базар зохион байгуулагч инженерийн магистрын зэрэг хамгаалжээ. 2008 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгсөж, 2013-2016 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцан, санхүүгийн шинжээч мэргэжил эзэмшжээ. 2005-2015 онд Швед улсын Явле хотын их сургуульд суралцан геоматикийн магистрын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 2001-2003 онд Нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны газарт бичиг хэрэг, төлбөрийн байцаагч2003 онд Нийслэлийн газрын албанд мэргэжилтэн2006-2008 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга; 2008-2012 онд Нийслэлийн газрын албаны Дэд дарга; 2012 оны 06-09 сард Нийслэлийн газрын албаны дарга; 2013-2015 онд “УБ капитал” ХХК, Санхүүгийн шинжээч; 2016-2017 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны дарга; 2017-2020 онд “Захгүй мэнэн” ХХК-д менежер; 2018-2020 онд ХБНГУ-ын Мартин Лютерийн нэрэмжит Халле Виттинберийн их сургууль, Газарзүйн шинжлэх ухаан ба газарзүйн хүрээлэн, Ландшафтын тогтвортой хөгжлийн тэнхимд зочин судлаачаар ажилласан байна. 2020-2021 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Суурь судалгаа, мониторингийн хэлтсийн дарга; 2021-2022 онд онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын орлогч дарга; 2022-2024 онд Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга; 2024 оны 03-05 дугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хот хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн үндэсний хорооны Ажлын албаны ахлах мэргэжилтэн; 2024 оны 05-08 дугаар сард тус үндэсний хорооны Ажлын абаны даргаар ажиллаж байгаа юм байна. Улсад 24 жил ажилласан нэр дэвшигч М.Буяндэлгэр нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан Хяналтын зөвлөлийн даргад тавигдах шаардлагыг бүрэн хангасан болохыг Р.Сэддорж дарга танилцууллаа. Дэгийн дагуу үргэлжлүүлэн нэр дэвшигч өөрийн талаар танилцуулахдаа “Төрийн албанд 16 жил, хувийн байгууллагад 8 жил ажилласан туршлагатай. 2008 оноос санхүүгийн технологид суурилсан үл хөдлөх хөрөнгийн биржийг байгуулах чиглэлээр сендбокст суурилсан туршилтыг 16 жил хийсэн. 2008 оноос арилжааны банкуудтай хамтран тус платформыг хөгжүүлж, 2021 оноос албан ёсоор баталгаажуулан, ажиллаж байна. Энэ чиглэлийн хөгжүүлэлт, өргөжүүлэлтийг хийхээр тус албан тушаалд нэр дэвшиж байна” хэмээлээ. Р.Сэддорж даргын болон нэр дэвшигч М.Буяндэлгэрийн дээрх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүд болон нэр дэвшигчийн томилгооны сонсголын оролцогч Б.Ганбаяр асуулт асууж, хариулт авсан. Түүнчлэн нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэлэхдээ М.Буяндэлгэрийн суурь мэргэжил нь энэ албан тушаалыг хашихад тохиромжгүй хэмээн үзэж байгаагаа Р.Батболд, П.Сайнзориг, Х.Ганхуяг нарын гишүүд илэрхийлээд, дэмжихгүйгээ илэрхийлсэн. Нэр дэвшигчийн томилгооны сонсголын үеэр хэлсэн гишүүдийн санал зөвлөмжийг анхаарахыг Н.Батсүмбэрэл, М.Мандхай, Б.Жаргалан нарын гишүүд хэлж байв.

Нэр дэвшигчийн томилгооны сонсгол Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч О.Очийн талаар үргэлжилсэн юм. Р.Сэддорж гишүүн нэр дэвшигч Оюунтөгсийн Очийн талаар танилцууллаа. О.Оч нь 1988 онд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай. 2007-2011 онд Япон Улсын Фүкүшима их сургуульд суралцаж, эдийн засагч мэргэжил эзэмшсэн байна. 2011-2014 онд Монгол Улсын хөгжлийн банк,  ТХХТ хэлтсийн ахлахаар ажиллаж ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 2014-2018 онд Голомт банкны Төслийн санхүүжилтийн хэлтсийн захирал; 2018-2021 онд “Сэцэн Билгүүн” ХХК-ийн санхүүгийн зөвлөх; 2021-2022 онд “Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийн Судалгаа хөгжүүлэлтийн захирал; 2022-2023 онд “Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал; 2024  онд “Тэнгэр Капитал ҮЦК” ХХК-ийн зөвлөх; 2024 оноос хойш “Ньюком” ХХК-ийн Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирлаар ажиллаж байгаа аж. Улсад 14 жил ажиллаж буй О.Оч ннь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан Хяналтын зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа хэмээн Р.Сэддорж дарга танилцууллаа. Үргэлжлүүлэн нэр дэвшигч өөрийн талаар танилцуулсан. Ажлын гараагаа Монгол Улсын Хөгжлийн банкнаас эхлүүлж, улмаар арилжааны банк болон үнэт цаасны арилжааны компаниудад ажиллаж байснаа дурдав. 2017 оноос хөрөнгийн зах зээлд оролцож байсан туршлагаа дэлгэрэнгүй танилцуулаад тэр хугацаанд Монгол Улсын хөрөнгийн зах зээл нь нээлттэй, хурдтай, үр ашигтай байх шаардлагатай гэдэг дүгнэлтэд хүрсэн гэв. Шинэ төсөл, шинэ санаачилга гаргахдаа холбогдох талуудтай зөвшилцөж, хамтран ажиллахыг зорьдог гээд энэ зарчим нь Хорооны үйл ажиллагааг нийт оролцогчдод ойлгомжтой, хүртээмжтэй байлгахад Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр томилогдсон тохиолдолд санаачилгатай, идэвхтэй ажиллах боломжтой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Мөн зах зээлийн хүртээмжийг өргөжүүлж, оролцогчдын тоог нэмэгдүүлэх болон Хорооны ажлын албыг бэхжүүлэх чиглэлээр ажиллана гэв.

Дээрх танилцуулгуудтай холбогдуулан нэр дэвшигчийн томилгооны сонсголын оролцогч Б.Ганбаяр, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг асуулт, асууж хариулт авсан бол нэр дэвшигчтэй холбогдуулан Л.Соронзонболд гишүүн үг хэлэв. Зөвхөн үнэт цаасны төдийгүй бусад зах зээлийн зохицуулалтын үйл ажиллагааны явц, холбогдох шийдвэр гаргалт, хяналтыг тавьж ажиллах нь зүйтэй гээд, Хяналтын зөвлөлийн арга барилыг шинэчлэн, эрч хүчтэй ажиллах шаардлагатай гэв. Р.Сэддорж гишүүн, иргэдийн санхүүгийн үйл ажиллагаанд чухал оролцоо, нөлөөлөлтэй байдгийг дурдаад тус байгууллагаас олгож буй зөвшөөрлийг цахимжуулах, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг хөнгөвлөн, хялбаршуулах чиглэлд анхаарах шаардлага байгааг мөн хэлж байсан.

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Б.Энхбаярын талаар нэр дэвшигчийн томилгооны сонсгол үргэлжиллээ. Р.Сэддорж дарга нэр дэвшигчийг танилцуулав. Болдбаатарын Энхбаяр нь 1982 онд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай. 1999-2003 онд Санхүү эдийн засгийн их сургуульд эдийн засагч, бизнесийн уирдлагын бакалаврын зэрэг хамгаалж, 2004-2006 онд Удирдлагын академид суралцан бизнес, удирдлагын магистрын зэргийг хамгаалжээ. 2018-2021 онд Шихихутуг их сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшин, 2021 оноос University of International Business and Economics /БНХАУ/, Эдийн засгийн ухааны докторант болжээ. Тэрбээр 2003-2006 онд Голомт банканд маркетингийн менежер; 2006-2011 онд Голомт банкны Маркетингийн хэлтсийн захирал; 2015-2017 онд Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банкны Төслийн нэгжийн зөвлөх; 2013-2015 онд “ГУМ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал; 2014-2016 онд “Си И Си Инвестмент ББСБ”-ын ТУЗ-ийн дарга; 2011-2016 онд “Ю Пи Си” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал; 2017-2019 онд “Жи Эн Бевережис” ХХК-ийн Маркетингийн зөвлөх; 2018-2020 онд “Алтан төгрөг ББСБ”-ын Гүйцэтгэх захирал; 2018-2020 онд “Ю Би Зи Би” ХХК, Санхүүгийн албаны захирал; 2004-2021 онд “Инфорум Консалтинг” ХХК-ийн зөвлөх; 2020-2024 онд Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллажээ. Мөн 2021 оноос “Верчу Консалтинг” ХХК, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа гэв. Улсад 22 жил ажилласан нэр дэвшигч Б.Энхбаяр нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан Хяналтын зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангж байгаа гэв. Үргэлжлүүлэн тэрбээр өөрийн туршлага болон нэр дэвших болсон шалтгаан, томилогдсон тохиолдолд баримталж ажиллах зорилго, зорилтынхоо талаар танилцууллаа.

Дээрх танилцуулгуудтай холбогдуулан нэр дэвшигчийн томилгооны сонсголын оролцогч Б.Ганбаяр, Улсын Их Хурлын гишүүн  Л.Соронзонболд, Р.Сэддорж нар асуулт асууж, хариулт авсан бол нэр дэвшигчтэй холбогдуулан Х.Ганхуяг гишүүн үг хэлэв. Тэрбээр нэр дэвшигчийн боловсрол, ажлын туршлагыг онцлоод Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллах тохиолдолд хуулиудын хэрэгжилтэд анхаарах, даатгалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд ажиллахыг хүссэн юм.

Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй нэр дэвшигчийн томилгооны сонсгол үргэлжилж байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд Н.Батнасан, Р.Даваадорж, Б.Мөнхзаяа, Б.Энх-Амгалан нарыг Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд эдгээр нэр дэвшигчийн сонсгол үргэлжилж байна. Мөн Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн болон Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн талаар өнөөдрийн томилгооны сонсголоор хэлэлцэх юм 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.234.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.