Нийслэл хот цар тахлын үед хэрэгжүүлэх бодлогын бичиг баримттай болно
Үйл явдал
/
2020-12-15
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
 
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдаж “Ковид 19” цар тахлын үед ажиллах зөвлөмж боловсруулах, нийслэлийн ИТХ-ын ээлжит III  хуралдаан зарлах,  орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Удирдах зөвлөл, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг томилох зэрэг асуудлыг хэлэлцэв.  Хуралдааны эхэнд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч  Г.Гангамөрөн “Ковид-19” цар тахлаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан халдварын хүрээг зогсоох, үүсэж болзошгүй нөхцөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн бодлогын бичиг баримт танилцууллаа. 
 
Ажлын хэсгээс нийслэл хот цар тахлын үед орон нутгийн онцлогт тохирсон бодлоготой байх, хамтын ажиллагааны бодлоготой байх ёстой дүгнэжээ.  Нийслэл хот буюу НОК бүх хариуцлагаа үүрэх биш, хариуцлагаа хуваалцах шаардлагатай гэнэ.
 
 Тодруулбал нийслэлийг бүсчлэн хувааж, халдварын эрсдэлээр нь ангилах, бүс бүрт бодлогын бичиг баримт гаргах шаардлагатай. Ингэснээр халдвараас сэргийлэх, халдвар тархсан тохиолдолд богино хугацаанд хумьж чадах аж. Мөн “Ковид-19” нь бүх нийтийг хамарсан гамшгийн аюултай. Дан ганц төрийн хариуцах асуудал бус аж ахуй нэгж байгууллагууд, иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны хүрээнд нэгдмэл болж, хариуцлагаа өндөржүүлэн ажиллаж “хариуцлага хүлээлгэх, хүлээх” журмыг батлах шаардлагатай гэж үзсэн байна. Мөн нийслэлийн иргэдийн 70 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг аж. Иймээс өөрийгөө оношлох, GPS апп нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хумих ач холбогдолтойг ажлын хэсгийн ахлагч Г.Гангамөрөн хэлж байв.  Ажлын хэсгээс гаргасан бодлогын баримт бичгийг нийслэлийн ИТХ-ын ээлжит III дугаар хуралдаанаар хэлэлцэх юм. Ээлжит III хуралдааныг энэ сарын 30-ны өдрийн 11.00 цагт товлолоо.

 

Мөн өнөөдрийн хурлаар орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Удирдах зөвлөл, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг томиллоо. Орон нутгийн ээлжит сонгуультай холбоотойгоор зарим төлөөлөгчид ажлаа хүлээлгэн өгсөн учраас 22 байгууллагын ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг томилсон юм.
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.9.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.