САЙН МЭДЭЭ: АНУ-Германы хамтран Covid-19 эсрэг ВАКЦИНЫГ ДЭМБ-аас ЗӨВШӨӨРЧЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-01

ДЭМБ –аас 2021 оны 01 сарын 01-ний өглөө АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн хамтран бүтээсэн covid-19-ийн эсрэг вакциныг хэрэглэх зөвшөөрлийг яаралтай журмаар баталжээ. Өмнө нь хэд хэдэн улс орон дотооддоо ашиглахыг зөвшөөрөөд байсан бол энэ удаа дэлхийн хэмжээний байгууллагаас зөвшөөрөл авсан анхны вакцин болж байна. Ийнхүү ДЭМБ зөвшөөрөл олгосноор НҮБ зэрэг олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд энэхүү вакциныг худалдан авч, гишүүн орнууддаа тараах боломжтой болж байгаа аж.

“Энэ бол цар тахлын эсрэг вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн маш нааштай алхам юм" гэж ДЭМБ-ын Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хүртээмжийн асуудал хариуцсан захирлын орлогч, доктор Мариангела Симао мэдэгдэлдээ дурджээ. ДЭМБ-ын тусгай зөвлөл нэгдүгээр сарын 5-нд хуралдаж, вакциныг түгээх зөвлөмжийг гаргахаар төлөвлөсөн байна.

Монгол Улсын хувьд Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан "Вакцин олж ирэх" ажлын хэсэг байгуулагдсан бол Ерөнхийлөгчийн Тамгын газраас бас ихээхэн анхаарал хандуулж байгаа билээ.  2020 оны сүүлчээр ДЭМБ-аас албан ёсоор бүртгэсэн вакцин байхгүй ч Модерна, Файзер, Спутник зэрэг 10 вакцины туршилт амжилттай байгаа. Цаашдаа ДЭМБ-д бүртгүүлэх асуудал яригдаж эхэлж байгаа юм. Тиймээс Монгол Улс вакциныг хамгийн түрүүнд авах орнуудын тоонд орохоор идэвхтэй ажиллаж байна. Монгол Улсын Дархлаажуулалтын тухай хуулиар бол вакцин хийлгэх эсэх нь тухайн хүний сайн дурын асуудал. Бид вакцин авахаар хөрш орнууд болон ДЭМБ-ын Ковакс хөтөлбөр зэрэг 6 чиглэлээр ажиллаж байгаа. Дээр дурдсан вакцинуудын аль нь ч хүүхдэд хийдэггүй. Тиймээс Монгол Улсын 1.3 сая хүүхэд вакцин хийлгэхгүй гэсэн үг. Цаана нь Монгол Улсын 2 сая хүн үлдэнэ. Үүнийхээ 20 хувьд хийх вакциныг ДЭМБ-ын Ковакс хөтөлбөрийн хүрээнд шийднэ. Коваксын хувьд бол бид эхний гурван орны нэг болсон. Вакцин худалдан авах асуудлыг үйлдвэрлэгчидтэй цахимаар хуралдах, гэрээ хэлцэл хийнэ. “AstraZeneca” буюу Оксфордын вакциныг авах эхний 30 орны жагсаалтад бид орж байгаа хэмээн Шадар сайд мэдэгдэж бав. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.167.195)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.