Хатуу ӨВЛИЙГ хамтдаа давахаар ​Баянхонгор аймгийн ААН-үүд нэгджээ
Үйл явдал
/
2021-01-01

Монгол Улсын зургаан аймагт зуд болох өндөр эрсдэлтэй байгаа билээ. Зуншлага муу байсан Баянхонгор, Говь-Алтай аймагт  цас ихээр орж, хүйтэн, зуд болно гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулсан. Хатуу өвөл болж мал ихээр хоргодох малчдыг малаа цөөлөх, малын махаа худалдан борлуулах арга хэмжээ авахыг зөвлөсөн. 

Баянхонгор аймгийн удирдлагууд малчдынхаа эрсдэлийг хуваалцаж, онд ороход хүндрэлтэй байгаа нялх малыг бүх нийтээрээ тэжээх уриалгыг гаргаж энэ хүрээндээ төрийн байгууллагын удирдлагуудтай 2020 оны 12-р сарын 30-ны өдрийн 10:00 цагт уулзалт хийсэн байна.  Нүүдэлчин ёс заншлын өв тээгчид болсон монгол малчдынхаа ахуй амьдрал, санхүү нөөцийг хамгаалах, төл малаа амьд мэнд авч үлдэх аймгийн удирдлагын дээрх санаачлагыг төрийн байгууллагын удирдлагууд 100 хувь дэмжсэнээр Баянхонгор аймаг 20,000 төл малыг төв суурин газартаа тэжээхээр боллоо.

 

 

Ингэхдээ аймгийн төвд 10,000 төл малыг төрийн байгууллага, бизнесийн байгууллагууд өөрсдийн нөөцдөө тулгуурлах тэжээх бол, бусад сум суурин газруудад 10,000 төл тэжээхээр төлөвлөгөө боловсруулаад байна. Төл малыг тэжээх аргачлалын талаар ХХААГ, МЭА, Мал үржлийн тасгаас шаардлагатай арга зүйгээр байгууллагуудыг ханган ажиллах юм. Өнөөдрийн байдлаар аймгийн төвд 1400 төл мал /хурга, ишиг, төлөг, борлон/ орж ирээд байгаа бөгөөд Цагдаагийн газар, Нисэх, 15-р цэцэрлэг, “Их Богд зам” ХХК, “Хаш гоёо” ХХК, ХХААГ, МЭА, Нийгмийн даатгал, Татварын хэлтэс, ХХҮГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Цаг уур зэрэг байгууллагуудын хүсэлтээр дээрх төл малуудыг хувиарлан өгч байна.

 

Төрийн байгууллага, ААН-үүд төл малыг тэжээснээрээ туслах аж ахуйгаа хөгжүүлж, ирэх хавраас байгууллага хамт олондоо ашгийг нь хүртээх боломжийг олгож байгаа  юм. Байгууллага, ААН-үүд малчнаас нэг төл малыг 25,000- 30,000 төгрөгийн хооронд үнэлэн авах ба монгол гэрт буюу хэвтэр бууцтай, дулаан орчинд тухайн төл малуудыг тэжээх юм. Манай төрийн байгууллагынхны хувьд ногоон тэжээлийг төсөр аргаар тариалж сурсан бөгөөд малд өгөх шим тэжээл чанараараа өндөр учир төл мал тэжээх гол хүнсээр дээрх ногоон тэжээлийг байлгахаар ажлын хэсгээс тооцоолоод байна. Иймээс ногоон тэжээлийн тариалалт давхар явах юм. 

 

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн нөөц боломжоо ашиглан илүү гэр, байшин сав гаргаж, нялх малыг байршуулж, өвс тэжээлээр хангаж ажил өнөөдөр  хийж дууссан байна. Төрийн болон хувийн хэвшлийнхэн тус бүх 100-200 хурга, ишгийг хуваарилан авч, тусгай бэлдсэн гэртээ өвс тэжээлээр ханган тэжээх аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.15.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.