Төсөвтэй холбоотой 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх зохицуулалтууд
Үйл явдал
/
2021-01-02
УИХ-аас 2020 оны 11 дүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг дагалдан гарсан хуульд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих дараах зохицуулалт туссан байна
 
НДШ-ийг 17 хувь болгоно
 
COVID-19 цар тахлын үед ажилтны цалин хөлснөөс авах нийгмийн даатгалын шимтгэл 22 хувиар тооцож төлдөг байсныг зургаан сарын хугацаатай тэглэх болон гурван сарын турш 12 нэгжээр бууруулж хөнгөлөх ажлыг үе шаттай хэрэгжүүлсэн. Тэгвэл цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн ажилд үргэлжлүүлэн нөлөөлөх шинжтэй байгааг харгалзан 2021 онд буцаан 22 хувь болж нэмэгдэх байсан нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1 хүртэл 3-5 нэгжээр бууруулж, 17 хувь болгон хөнгөлөхөөр болов.
 
Малын хөлийн татварыг ОНХС-д төвлөрүүлнэ
 
Манай улсын мал, сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая тоо толгойгоор нэмэгдэж 70.9 саяд хүрээд байгаа нь хүн амын хүнсний хэрэгцээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй ч өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгой нь бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудлыг үүсгэж байна. Иймд орон нутгийн төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хүрэлцээ, мал сүргийн бүтэц зэрэг асуудлыг бие даан шийдвэрлэх зорилгоор сум, дүүргийн ИТХ-д малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоож ОНХС-даа хуримтлуулан зарцуулах эрхийг олгохоор төлөвлөсөн байна. Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байхаар тогтоосон.
 
 
Төр-хувийн хэвшлийн түншлэлийг Шадар сайдын эрхлэх хүрээнд хамруулна
 
Концессын үр дүнд бий болох хөрөнгийг гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинэчлэн сайжруулах нь орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нэг хэлбэр юм. Тиймээс үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж үр ашгийг сайжруулах зорилгоор концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг 2021 оноос эхлэн Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамруулахаар төлөвлөж, төсвийг шилжүүлэхтэй холбоотой холбогдох асуудлыг нарийвчлан зохицуулжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.166.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.