Г.Содбаяр: Гарахдаа надаас хариугаа авна, сошиалд нэр нүүргүй болгоно гэж хэлээд, хаалга өшиглөөд гарсан
Үйл явдал
/
2021-01-02

Оны өмнөхөн сошиолыг доргиосон Монголын нэр бүхий компанийн эзний хүү, модель бүсгүй 2-ын зодсон, зодуулсан гэх сэдвийн ХЭРГИЙН эзэн болох залуу ярилцлага өгчээ. Түүний ярьсанаар Ю.Кундыз гэх эмэгтэйтэй жилийн өмнөөс уулздаг болсон найз бүсгүй нь бол биш хөнгөн харилцаатай байсан гэдгээ хэлжээ. Мөн тэдний хоорондох маргааныг Кундыз эхлүүлж улмаар 50 сая төгрөг нэхэж өгөхгүй бол нэр хүндэд нь халдана гэдгээ хэлээд гарсан харин ийм өндрөө авсан асуудал үүсгэнэ гэж бодоогүй шоконд орсон гэдгээ ярьжээ.

Ингээд Содбаяр гэх залуугийн Зиндаа.мн өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Г.Содбаяр: Кундыз надаас 50 сая төгрөг нэхэж сүрдүүлсэн

-Таны найз охин Ю.Кундыз танд зодуулсан гэж олон нийтэд мэдэгдлээ. Та тэр бүсгүйд гар хүрсэн нь үнэн үү?

-Намайг Ганзоригийн Содбаяр гэдэг. Би Улаанбаатар хотод төрсөн. Дээд боловсролтой, банк санхүүгийн мэргэжилтэй. Ю.Кундыз бид хоёр нэг жилийн өмнө танилцсан. Өнгөрсөн хугацаанд бид хайр дурлалын харилцаатай байгаагүй, хөнгөн харилцаатай байсан. Тэр бүсгүйг найзууддаа болон ээж, аавдаа ч танилцуулж байгаагүй. Би магистрт суралцаад, зургаадугаар сард ирсэн. Энэ зунаас өвөл хүртэл ойр ойрхон уулздаг болсон. Гэхдээ хайр сэтгэл байгаагүй, хөнгөн харилцаатай байсан. Өмнө нь би тэмцээн, уралдаанд ороход нь санхүүгээр дэмждэг байсан. Тэр бүсгүй хөдөлмөрч, фитнес модель хүн. Гэхдээ хэзээ ч миний найз охин байгаагүй.

-Та түүнд гар хүрсэн эсэх талаар хариулт авахыг хүсэж байна. Бүсгүйн хувьд танд зодуулсан, нурууны үе нь гэмтэж, ахар сүүл нь хугарсан гэж мэдэгдээд байгаа?

-Би гар хүрээгүй. Бидний дундах үл ойлголцол юунаас үүдсэн бэ гэхээр тэр бүсгүй манай гэрт ирсэн. Гэнэт эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл, бэлгэвчний хайрцаг гаргаж ирээд, “Энэ хэнийх юм бэ” гэж над руу дайрсан. Тухайн үед миний найз хажууд байсан. Болсон бүх явдлыг гэрчилнэ. Ямар ч зодоон, цохион болоогүй. Цустай ариун цэврийн хэрэглэл нүүрэнд тулгаад байхаар нь би түлхсэн. Тэгэхэд эвгүй унасан юм шиг байна лээ. Гэрээс гарахдаа надаас хариугаа авна, сошиалд нэр нүүргүй болгоно гэж хэлээд, хаалга өшиглөөд гарсан. Тухайн үед нь би тоогоогүй. Орой нь над руу яриад “Доошоо юм гараад байна” гэсэн. Би өөрөө очвол хэрүүл болно гэж бодоод, таньдаг жолооч ахыг гуйж явуулсан. Ингээд жолооч ах эмнэлэгт үзүүлсний дараа гэрт авчирсан. Тэгэхэд нь би асраад, "Ямар эмчилгээ шаардлагатай байна, бүгдгийг хийе" гэсэн. Бид ойлголцож тэврэлдээд, хамт хоноод, бүх зүйл хэвийн болсон. Шөнө ариун цэврийн өрөө ороход нь хүртэл би анхаарал тавьсан. Дараагийн өдөр алхаа нь хурдан болоод, нэлээд тэнхэрсэн байсан. Өглөө нь бид эмнэлэгт үзүүлэхэд Ю.Кундыз өөрийнхөө биед хугарал, бэртэл үүсгэх дуртай байгаа нь анзаарагдсан. Эмчид үзүүлэхдээ “Харваас хугарсан байгаа биз дээ” гэх мэт хандлага гаргаж байсан. Эмнэлгээс ирээд, бид ярилцсан. Ингээд хувцас, гоо сайхны бүтээгдэхүүнээ авчраад, манайд байна гэж тохирсон. Гадаа нэг найз нь ирж, хувцас, хэрэгцээтэй зүйлсийг нь өгнө гэж байна гээд гараад явсан. Гэтэл гадаа гарсны дараа над руу залгаснаа “Би чамаас 50 сая төгрөг нэхэмжилнэ. Чи миний карьерыг будаа болголоо. Би асрагч хөлсөлнө. Хагалгаанд орно” гэх мэт олон төрлийн зардал ярьсан. Хариуд нь би “Шаардлагатай эмчилгээний бүх зардлыг төлнө. Буцаад ороод ир” гэсэн. Гэтэл “Баасан гараг хүртэл хугацаа өгье. Тэр болтол 50 сая төгрөг өгөхгүй бол би сошиалд дэлгэнэ” гэж намайг сүрдүүлсэн. Ю.Кундызын энэ бүх үйлдэл нь манай компанийн нэр хүнд, миний гэр бүлийн нэр төрд халдсан халдлага. Монголд хууль үйлчилдэг бол би шүүхээр явна. Гэхдээ үүгээрээ би мөнгө төлөхгүй гэж байгаа юм биш. Харин 50 сая төгрөг өгнө гэдэг бол шударга бус гэж бодож байна.

 

- Ю.Кундызыг үзсэн эмчийн дүгнэлт хэрхэн гарсан бэ?

-Манайд ирэхдээ эмчийн дүгнэлтээ авчирсан. Эмчийн дүгнэлтээр бол цууралт, хугаралт байхгүй. Ахар сүүлний яс нь деформацитай гэж дүгнэсэн байсан. Намайг түлхэхээс ч өмнө ахар сүүлний яс нь дээшээ байсныг би мэдэж байна.

 

-Сошиалд түүний ярьсан зүйлийг сонсоод та холбогдсон уу?

-“Магнай трейд”-ийн хүү Содбаяр... гээд л яриад байсан. Би тухайн үед “Хоорондоо шийдэх асуудлыг яагаад олон нийтэд дэлгэж байгаа юм бол" гэж их гайхсан. Шоконд орсон.

 

-Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хуучин гэмтэл болгох гэж байна гэж Ю.Кундыз мэдэгдсэн. Энэ үнэн үү?

-Тэр талаар би огт мэдэхгүй. Жилийн өмнөөс уулзаж эхлэхэд ахар сүүл нь асуудалтай байсан. Тэгэхээр хуучин байсан гэмтэл, эсвэл багадаа авсан гэмтэл байж магадгүй. Өнгөрсөн 3-4 хоногт болсон үйл явдал дунд бол ямар ч зодоон, ясны хугарал болоогүй. Энэ бүсгүй миний найз охин ч биш, хамтран амьдрагч ч биш. Гэрт ирээд, миний гэрийг гутаан доромжлоод, өөдөөс галзуу нүдтэй хүн дайраад байхаар ямар ч хүн түлхэж, холдуулна шүү дээ. Би алгадаж, цохиогүй, чимхээгүй, хуруу ч хүрээгүй. Би тэр хүнтэй ойлголцох гэж олон удаа оролдсон. Уучлал гуйсан, гэтэл тэр худлаа ярьж, гараад ирье гэж хэлээд, найзтайгаа зугтаасан. Надаас 50 сая төгрөг нэхэж, намайг сүрдүүлсэн. Миний зүгээс “Эмчилгээний бүх зардлыг төлнө” гэж хэлээд байхад ажлын хамт олон, гэр бүлийн маань нэр хүндэд халдаж, нийгэмд асар буруу ойлголт төрүүлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.78.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.