"Монгол шуудан" компаниас МЭДЭГДЭЛ гаргажээ
Үйл явдал
/
2021-01-02

Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11152 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнд коронавирус илэрсэн тухай мэдээлсэн билээ. 

Эдгээрийн долоо нь Франкфурт - Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн хүмүүс аж. Тэдний гурав дахь давтан шинжилгээнээс коронавирус илэрчээ. Энэ долоон хүний нэг нь Жаргалантад тусгаарлагдаж байсан бол тав нь "Амар" зочид буудалд тусгаарлалтад байсан хүмүүс бөгөөд тэдний хамт "Амар" зочид буудалд ажиллаж байсан эмнэлгийн ажилтан буюу резидент эмч халдвар авчээ.

Харин дотоодод нийт 15 тохиолдол бүртгэгдсэн ба "Төв шуудан" компанийн Гүний гаалийн тасагт ажилладаг 2 хүн халдварт өртсөн талаар ЭМЯ мэдээлсэн. 

Эл тохиолдол нь зарим хэвлэлд "Монгол шуудан" компанитай андуурагдаж мэдээлэгдсэн тул "Монгол шуудан" компаниас "Шуудангийн гааль нь Монгол шуудангаас тусдаа байгууллага" болохыг тайлбарлаж, МЭДЭГДЭЛ гаргасан байна. 


 

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр "Дотоодод шинээр өнөөдөр 15 халдварын тохиолдол нэмэгдлээ. Үүний 4 нь "Мөнххада" компанид үүсээд байгаа голомтод шинээр нэмэгдлээ. Урд өдөр нь энэ голомтод хоёр тохиолдол бүртгэгдсэнээр нийт зургаан тохиолдол "Мөнххада" компаниас илрээд байна. Халдварын эх уурхайг тандан судалж байна. Сэжиглэсэн хавьтал өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон байх эрсдэл байгаа. Тус компанийн 35 хүнийг ойрын хавьтал гэж үзэн, тусгаарласан. Мөн 92 хүнийг гадуур гэрийн хяналтад байлгаж, шинжилгээ хийгээд байна. Дөрвөн хүнээс бусад хүмүүст анхны шинжилгээгээр халдвар илрээгүй. 

Мөн "Төв шуудан" компанийн Гүний гаалийн тасагт ажилладаг 2 хүн халдварт өртсөн. Нэг хүнийх нь гэр бүлийн хүн өвчилсөн байсан учир эх уурхайг нь тэндээс эхтэй гэж үзэж байна. Тухайн шуудангийн ажилчид болох 70 хүнийг хяналтад авч, бусад 10 гаруй хүнийг ажиглалтад байлгаж байна. Бусад тохиолдлын тухайд өмнөх батлагдсан тохиолдлуудтай хавьтал болсон буюу Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомттой хамааралтай 4 тохиолдол байна. Мөн өргөн хүрээний цэгүүдэд хийж байгаа шинжилгээгээр гэр бүлээрээ халдварт өртсөн 3-4 тохиолдол бүртгэгдэж орж ирлээ. ХӨСҮТ-ийн гэр бүлтэй холбоотой батлагдсан тохиолдол мөн гарсан байна. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 755 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 18 хүн эдгэрч, гэртээ гарсан" гэсэн мэдээлэл өгсөн юм. 


 

 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.230.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.