Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден нар захидал солилцож, мэндчилгээ дэвшүүлэв
Үйл явдал
/
2022-01-28

Одоогоос 35 жилийн өмнө энэ өдөр Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд өдгөө манай хоёр улс ардчиллыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй Стратегийн түнш орнууд болжээ.

Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд бүхий л салбарт өргөжиж, ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлс, энх тайван, тогтвортой байдлыг хангах хамтын ашиг сонирхолд тулгуурлан идэвхтэй хөгжиж байна. Энэхүү ойн жилд манай хоёр улс хамтын ажиллагааны ололт амжилтаа бататгаж, цаашид Стратегийн түншлэлээ бэхжүүлж, улам бүр өргөжүүлэх, ялангуяа хоёр талын харилцаанд эдийн засгийн хамтын ажиллагааны эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, цар тахлын дараах үеийн эдийн засгаа сэргээхэд чиглэсэн, хоёр талын хөгжилд хувь нэмэртэй, бодит, харилцан ашигтай ажлыг хэрэгжүүлэх томоохон зорилт тавин ажиллаж байна.

Ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байден нар захидал солилцож, мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээндээ “Гучин таван жил гэдэг хугацаа богино мэт боловч хоёр талын хүч чармайлтын дүнд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт ёс, ил тод, нээлттэй байдал зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан идэвхтэй өргөжин хөгжиж, эдүгээ Стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байгааг тэмдэглэхэд нэн таатай байна… АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш бөгөөд эдүгээ Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн хоёр улсын энэхүү ойр дотно түншлэлийг цаашид улам бүр бататган бэхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахдаа баяртай байна” гэж тэмдэглэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден мэндчилгээндээ “АНУ нь Монгол Улсын Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш байдгаараа бахархдаг, АНУ нь Монгол Улсын ардчилсан тогтолцоогоо бэхжүүлэх, эрх зүйт ёсыг баримтлах болон эдийн засгаа төрөлжүүлэхэд чиглэгдсэн хүч чармайлтыг тууштай дэмжихээ илэрхийлье…  Бид ирээдүйгээ төсөөлөхдөө Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхий дахинаа эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах, эдийн засгийн тогтвортой бөгөөд тэгш өсөлтийг хангахад нэн чухал түнш орон гэж үзэж байна” хэмээв.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг бүтэн жилийн турш хамтран тэмдэглэх бөгөөд энэ хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойлж, харилцан айлчлал зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.159.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.