Хөгжлийн банкинд үүсэн ХУЛГАЙН АСУУДЛЫГ шалгах АЖЛЫН ХЭСГИЙГ Б.Баттөмөр гишүүн ахлана
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-02-01

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэв.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Хөгжлийн банкны асуудлыг УИХ-ын түвшинд ярих хэрэгтэй талаар санал гаргалаа. 

Тэрбээр "Өнөөдөр яригдаж байгаа нэг асуудал нь Хөгжлийн банктай холбоотой юм. 1.6 их наяд төгрөг чанаргүй болсон нь үнэхээр харамсалтай. 841 тэрбум төгрөгийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Доторхыг нь үзэхээр луйвар хийдэг алдартай хүмүүсийн нэр байна. Эцсийн өмчлөгч нь тодорхойгүй гэдэг шалтгаантай. Өөрийнхөө өмч хөрөнгийг бүгдийг нь өөр хүний нэр дээр шилжүүлдэг. Ийм байж болохгүй.  Монгол Улсыг олон жил тэжээх баялгийг нэг хүн эзэмшиж байна. Зөв юм уу? Энэ онд эдийн засгийн ямар эрсдэл байна вэ? гэдгийг тодруулмаар байна. 

Хөгжлийн банкны асуудлыг УИХ дээр ярья. Монголд хулгай хийдэг хэдхэн хүн байна. Улсын өмч хөрөнгийг эзэнгүйдүүлж, цаашлаад улсаас нэмж мөнгө авдаг. Энэ бол хуулийн цоорхойг ашиглаж буй нэг хэлбэр. Үүнийг зохицуулах хууль гаргамаар байна" гэв. 

Сангийн сайд Б.Жавхлан "2022 онд эрсдэл бий. Гадаад, дотоод гэж харах хэрэгтэй байна. Бид ерөнхийдөө гадаад худалдааны эдийн засагтай улс. Үйлдвэрлэл багатай. Гаднаас импортолж байгаа бүх бараанд инфляц шингэж орж ирж байна.

Боомтын асуудлаас болж экспортын биет хэмжээ 2021 онд ихээр буурсан бөгөөд энэ оны нэгдүгээр улиралд бүтэн үргэлжлэх төлөвтэй байна. Хил нэвтрэн өнгөрүүлэх чадвараа сайжруулахын тулд урд хөрштэйгөө идэвхтэй ажиллаж байгаа. Боомтын үйл ажиллагаа нь эдийн засгийн маш том гадаад эрсдэл болоод байна.  Гадаад эдийн засгийн идэвхжил буурснаар манай улсын гол түүхий эдийн үнэд өөрчлөлт орох эрсдэл бий" гэлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын хяналт шалгалтын хуулийн дагуу Хөгжлийн банкны асуудлаар Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулах тухай асуудлыг УИХ-ын хаврын чуулганд танилцуулж, хэлэлцэнэ" гэв. 

 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.175.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.