Багануурын дулааны цахилгаан станц концессын гэрээнд шилжинэ
Үйл явдал
/
2022-02-10
Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Багануурын дулааны станц ТӨХК, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн Зүүн өмнөд бүсийн салбар, "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн зарим ажилтнуудыг салбарын болон төрийн одон медалиар шагнасныг Шадар сайд С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар өнөөдөр гардуулж баяр хүргэлээ.
 
Цар тахлын амаргүй энэ цаг үед Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Шинэ сэргэлтийн бодлогын дагуу Эрчим хүчний салбарын сэргэлтийн хүрээнд Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын төслийн ажлуудаа цаг алдалгүй дуусгаж, ашиглалтад оруулахаар ач холбогдол өгөн анхаарч ажиллаж буйг Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр онцолсон юм. Цар тахлын дараах эдийн засгаа тэлэх, Эрчим хүчний сэргэлтийн бодлогын хүрээнд мөн гурван улсыг дамнасан хийн хоолойн төсөл амжилттай үргэлжилж байгааг дуулгаад, чөлөөт бүсийг хөгжүүлэх, боомтуудыг шинэчлэх ажлууд шат дараатай хийгдэж байгааг хэллээ.
 
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх бодлогыг зарчим болгон ажиллаж буй Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Багануурын дулааны цахилгаан станцын ажлыг эрчимжүүлэх үүднээс концессын гэрээгээр хэрэгжүүлэх шийдвэрийг саяхан гаргасан билээ.
 
Олон жил хүлээгдсэн энэ төслийг хойшлуулшгүй хэрэгжүүлэх нь Монгол Улсын Зүүн бүсийн эрчим хүчний салбарын ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой учраас шат шатанд хичээж ажиллаж байгаагаа салбарын сайд дурдсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.75.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.