Орос мэргэжилтнүүдийн “БИД НЭГЭН ТОМ ГЭР БҮЛ” өдөрлөг боллоо
Үйл явдал
/
2022-05-10

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  Аугаа эх орны дайны ялалтын 77 жилийн ойн баярыг “Мы одна большая семья” буюу “Бид нэгэн том гэр бүл” уриан дор тэмдэглэлээ. Энэ хүрээнд Соёл, урлагийн цогцолбороос үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн гадаад мэргэжилтнүүдийн дунд “Мы одна большая семья” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.

      Монгол-Орос хоёр орны найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болсон Эрдэнэт үйлдвэрийн хамт олон энэ удаа Ялалтын баярыг цэрэг дайны сэдвээр бус, энх тайван, эв нэгдэл, хайр хүндэтгэл гэсэн агуулгын хүрээнд тэмдэглэж байгаагаараа онцлог юм.

     “Мы одна большая семья” өдөрлөгийн үеэр орос мэргэжилтнүүд багт хуваагдан зургаан төрлөөр өрсөлдөж, нэгэн өдрийг баяр хөөртэй өнгөрүүллээ. Энэхүү өдөрлөгийн хүрээнд гэрийн даалгавар буюу урлагийн үзүүлбэр, мэндчилгээ, хобби үзэсгэлэн, караоке дууны тэмцээн, чанга шивнээ, орос үндэсний ширээ засалт, хүүхдийн гар зургийн уралдаан болж, шилдгүүд тодров. Төгсгөлд нь Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид орос мэргэжилтнүүдэд зориулж хүндэтгэлийн концерт толилуулсан юм.     

     Тэртээх он жилүүдэд Монгол, Орос цэргүүд дайны талбарт мөр зэрэгцэн тулалдаж явсан бол энх цагт хамтдаа хөдөлмөрлөж, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг цогцлоосон. Тийм ч учраас Эрдэнэтчүүд жил бүр Ялалтын баярыг утга төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Одоогоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ОХУ-ын 300 гаруй иргэн ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.28.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.