УИХ-ын гишүүд Олон улсын хиймэл оюун ухааны олимпиадуудад амжилттай оролцсон багш, сурагчдыг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
11 цаг 51 мин

Улсын Их Хурлын “Хиймэл Оюун, Их Өгөгдөл”-ийн лобби бүлгийн гишүүн Ч.Анар, Д.Ганмаа, Ж.Золжаргал, С.Лүндэг, О.Номинчимэг, А.Ундраа, Д.Энхтүвшин нар Хиймэл оюун ухааны олон улсын олимпиадуудад амжилттай оролцсон багш, сурагчдыг (2024.09.18) Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

 

Бүгд Найрамдах Болгар Улсад 08 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадад Монголын баг оролцож, мөнгөн медаль хүртсэн аж. Түүнчлэн 09 дүгээр сарын 8-12-ны хооронд Саудын Арабын Хаант Улсад болсон хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадад оролцсон Монголын багийн нэг сурагч алт, нэг сурагч хүрэл медаль хүртсэн байна.

Улсын Их Хурлын “Хиймэл Оюун, Их Өгөгдөл”-ийн лобби бүлгийн гишүүд дээрх олимпиадуудад оролцсон сурагчдад баяр хүргэн, эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах хиймэл оюуны салбарын түүчээлэгчид болохыг хүслээ. Мөн удирдан бэлтгэсэн багш нарын оролцоо, заах арга барилыг онцолж, энэ салбарыг Монгол Улсад хөгжүүлэхэд чухал үүрэгтэйг тэмдэглэв.

Уулзалтаар Улсын Их Хурлын “Хиймэл Оюун, Их Өгөгдөл”-ийн лобби бүлгийн гишүүд төрийн үйл ажиллагааг хиймэл оюун ухаан ашиглан илүү ухаалаг, үр дүнтэй болгох, нийгмийн тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх боломжуудын талаар багш, сурагчидтай ярилцсан юм. Тухайлбал, нийслэл хотын түгжрэл, агаарын болон хөрсний бохирдол зэрэг асуудал, мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэхийн ач холбогдлын талаар санал солилцов.

 

Улсын Их Хурлын гишүүн Ч.Анарын зүгээс Монгол Улс цаашид хиймэл оюуны судалгааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг бэлтгэх, оюутан, сурагчдын оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөгжилд чухал үүрэгтэйг тэмдэглэсэн. Мөн ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн түвшинд хиймэл оюун ухааны чиглэлийн хичээл, сургалт, төслүүдийг хэрэгжүүлж, тэдний шийдлийг улс оронд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд ашиглах, турших, оролцоог хангаж ажиллах нь оюутан, сурагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, инновацыг дэмжихэд чухал алхам болохыг онцлов.

 

Улсын Их Хурлын гишүүн Ч.Анарын санаачилгаар хиймэл оюун, их өгөгдөлд суурилсан технологийг хэрэглээнд нэвтрүүлэх, нутагшуулах, төрийн бодлогыг боловсронгуй болгох, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх лобби бүлгийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, О.Батнайрамдал, Ш.Бямбасүрэн, Д.Ганмаа, М.Ганхүлэг, Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, С.Лүндэг, Н.Наранбаяр, Ч.Номин, О.Номинчимэг, А.Ундраа, Н.Учрал, Ж.Энхбаяр, Д.Энхтуяа, Д.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.197.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.