3,4 тэрбум төгрөгийн татвараа төлөөгүй төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг ХЗДХЯ-нд хүргүүлнэ
Д.Оюунболд
Үйл явдал
/
4 цаг 51 мин

“Зөвшөөрлийн зөвлөл” өнөөдөр (2025.03.12) цахимаар хуралдлаа. Хуралдаанаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтийн асуудлыг хэлэлцэв. Хууль зүй, дотоод хэргийн яам төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2022 онд “Тэмп партнерс” ХХК, 2023 онд “Эн Зэт Жи Эм” ХХК, 2023 онд “Мон Экс Бэй Ти Билэг” ХХК-д олгосон байдаг. Онцгой албан татварын тухай хуулийн 6.5-д Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цахим, интернэт, үүрэн телефоны сүлжээ ашиглан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сар тутам 36250000 (Гучин зургаан сая хоёр зуун тавин мянган) төгрөгтэй тэнцэх хэмжээгээр онцгой албан татвар ногдуулахаар тусгасан. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар татвар төлөх ёстой. Гэтэл дээрх тусгай зөвшөөрөлтэй компаниуд нь Сангийн яам, татварын байгууллагаас өгсөн мэдээллээр тусгай зөвшөөрөл авснаасаа хойш нэг ч татвар төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл “Тэмп партнерс”, “Эн Зэт Жи Эм” ХХК, “Мон Экс Бэй Ти Билэг” ХХК нь хоёр жилийн хугацаанд нийт 3.4 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлээгүй байна. Энэ нь Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл болж байгаа юм. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн яаманд дээрх үндэслэлээр тус компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлэхээр боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.134.114.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.