Э.ОДБАЯР: Хасах хэмд замын асфальт бетон хучилт хийх боломжгүй учраас ӨДРИЙН ЦАГААР ЗАМ ХААЖ ЗАСВАРЛАНА

Нийслэлд зам засварын ажил үргэлжилж байна. Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замын засвар өчигдөр 23:00 цагт эхэлжээ.

Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр "Энэ жил Улаанбаатарт 87 байршилд 162.3 километр авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн юм. Үүнээс 35 байршлын замыг засаж дууссан. Одоо 36 дахь байршил буюу Маршалын гүүрнээс "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх замыг засахаар хөдөлгөөнийг хаалаа. Уг 2.2 км замын шинэчлэлийн ажил дөрөв хоног үргэлжилнэ. Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх замыг хаасан тул иргэд Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөгөөр зорчоорой.

Хасах хэмд замын асфальт бетон хучилт хийх боломжгүй байдаг. Энэ долоо хоногт цаг агаарын температур шөнөдөө хүйтэн байх тул ажлын өдрүүдэд өдрийн цагаар зам засварын ажил үргэлжилнэ. Өмнө нь амралтын өдрүүдэд шөнийн цагаар засварын ажил хийгдэж байсан.

Зам засварын тоног төхөөрөмжийн тухайд Улаанбаатар хотод зургаан зам засварын асфальт завод ажиллаж байгаа бөгөөд нэг асфальт завод хамгийн дээд тал нь 1,000 тонн асфальт гаргадаг. Мөн нэг байршилд 2-3 дэвсэгч машин зэрэг ажилладаг. Нийт 15 дэвсэгч машинтай. Эдгээрийг зэрэг ажиллуулахад 4-5 байршилд зам хаах болоод байгаа юм. 

Нисэхийн тойрог, Наадамчдын зам, Нарны замын хучилтыг хийж гүйцэтгэсэн.

Өнөөдөр/2024.09.23/ 23:00 цагаас "И-март" дэлгүүрийн уулзвараас тэмээтэй хөшөө хүртэлх авто замын хойд хэсгийг хааж, дөрөв хоног засварлана. Үүний дараа уулын арын зам буюу Маршалын гүүрнээс Налайхын уулзвар хүртэл замыг 10 хоног хэсэгчлэн хааж, мөн Чингисийн өргөн чөлөөний замыг засна.

Зам хаах тухай мэдээллийг гурав хоногийн өмнө иргэдэд хүргэдэг. Зам засварын ажлыг аравдугаар сарын 30-н хүртэл үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байгаа" гэж мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.118.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.