Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл өнөөдөр эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлж байгаа нь хөрөнгө оруулагч талд дахин итгэл хүлээлгэж буй Монголын ард түмний чин эрмэлзэл” гэдгийг онцоллоо. Мөн “Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын
Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цаашид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай идэвхтэй түншлэн ажиллахад Монголчууд бид бэлэн байна” гэлээ.
Монгол Улсын Их Хурлаас баталсан 103-р тогтоолын хүрээнд өнөөдөр эхлүүлж буй Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, техник эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж,харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм “Хамтдаа хэлэлцэж ярилцсаны эцэст энд байгаа олон хүмүүсийн хамтын хичээл зүтгэл, тусламж дэмжлэгийн үр дүнд бид Монгол Улсад чухал ач холбогдолтой асуудлаар урагш алхах замаа тодорхойлохын зэрэгцээ санал зөрөлдөөнтэй явж ирсэн олон асуудлаар шийдэл олсон. Улмаар “Оюу толгой” компанийн ТУЗ гүний уурхайн үйл ажиллагааг санал нэгтэйгээр эхлүүлэхийг зөвшөөрсөн. Оюу толгой бол дэлхийн хэмжээнд ус ашиглалт, дахин боловсруулалтын жишиг тогтоогч, Монголын 600 гаруй ханган нийлүүлэгчдийн дэмжлэгтэй, нийт ажилтных нь 96 хувийг монголчууд бүрдүүлсэн уурхай” гэж хэллээ. Мөн өнөөдрийн арга хэмжээ Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хамтын үнэ цэн бий болгон, амжилттай ажиллаж чаддаг орон гэдгийг дэлхий дахинд харуулсан үйл явдал боллоо гэдгийг онцоллоо.
Засгийн газрын ажлын хэсэг, УИХ-ын түр хороо удаан хугацаанд хөрөнгө оруулагч талтай зөвшилцсөний эцэст гацаанд орж, хуримтлагдаад байсан олон асуудлыг шийдэж чадсан бөгөөд үр дүнд нь 26 сар хүлээгдсэн Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат ийн эхэлж байна.
Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийн тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Оюу толгой ХХК таван тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.
Гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг Рио Тинто, Туркойс Хилл Ресурсес бүрэн хариуцна. Оюу толгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд буюу гүний уурхайн хэсэгт байдаг. Оюу толгой ХХК гүний блокчлон олборлох аргаар үйл ажиллагаа явуулж байна.
Энэ өдөр Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат Туркойс Хилл Ресурсес компанийн санхүү эрхэлсэн захирал Люк Колтон нар “Өрийг хүчингүй болгосон тухай болон одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай” батламжид гарын үсэг зурлаа. Ингэснээр Оюутолгой төсөл дэхь Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.долларын өр бүрэн тэглэгдэж байна.
-
12 цаг 29 мин
-
13 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 50 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
2024-12-19
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
2024-12-18