“Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-05-26
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк /ЕСБХБ/-ны “Жижиг, дунд бизнесийн хөгжлийг дэмжих” багтай хамтран “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зөвлөгөөн”-ийг өнөөдөр /2022.05.25/ зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл, ЕСБХБ-ны Жижиг дунд бизнесийн зөвлөх үйлчилгээ, хөтөлбөрийн тэргүүлэх менежер С.Байгалмаа, Жижиг дунд бизнесийн хөгжлийг дэмжих баг, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй бизнес эрхлэгч эмэгтэй удирдлагууд болон дотоодын зөвлөх компаниудын төлөөлөл оролцлоо.

Баянгол дүүрэгт худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний их цэг байдаг бөгөөд бизнес эрхлэгчдийн тоо жил бүр нэмэгдэж буй. Тодруулбал, дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 2578 ААН, зах, худалдааны төвд 6058 лангуу түрээслэгч үйл ажиллагаа эрхэлдэг. Гэвч сүүлийн хоёр жилд ковид-19 цар тахлаас болж жижиг, дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирсан. Иймээс Монгол Улсын Засгийн газраас Коронавирус халдварт цар тахлын улмаас үйл ажиллагаа нь олон хоногоор хязгаарлагдсан ЖДҮ эрхлэгчид болон үйлчилгээний салбарын нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг богино хугацаанд гэтлэх, даван туулах, эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор ковидын дараах эдийн засгийн их сэргэлт санаачилгыг дэвшүүлсэн юм. Тэгвэл өнөөдөр болсон арга хэмжээг дээрх санаачилгын хүрээнд зохион байгуулж буй бөгөөд зөвлөгөөнийг зохион байгуулснаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүд олон улсын туршлага судлах, хууль тогтоомжтой танилцах, аж ахуйн нэгж бизнес эрхлэгч нарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх чиглэлээр санал зөвлөмж, хамтын ажиллагааны шийдлүүд гарахаас гадна “Төр-хувийн хэвшил”-ийн хамтын ажиллагааг сайжруулахад  чухал ач холбогдолтой гэдгийг талууд онцоллоо.

Зөвлөгөөний үеэр оролцогчдод шинэчилсэн Хөдөлмөрийн хуультай холбоотой мэдээлэл, санхүүгээ хэрхэн удирдах талаар зөвлөгөө, маркетингийн шийдлүүд зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.189.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.