Булган аймгийн Хутаг-Өндөр сум “Улсын тэргүүний сум”-ын батламжаа гардан авлаа
Үйл явдал
/
2022-05-30

МУЗГ-аас улсдаа нийгэм эдийн засаг, хөгжлөөрөө тэргүүлсэн аймаг, сумдыг шалгаруулсан билээ.

Өнөөдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сум “Улсын тэргүүний сум”-ын батламж шагналаа ёслол төгөлдөр гардан авлаа
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд МУЗГ-ын ХЭЗГ-ын дарга Н. Мягмар , ЗГХЭГ-ын референт Б. Гүнчинхүү, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Ж. Бат-Эрдэнэ, Булган аймгийн ИТХ-ын дарга Д. Эрдэнэбат, Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан нарын аймгийн удирдлагууд, Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-Очир тэргүүтэй 16 сум ,1 тосгоны удирдлагууд Хутаг -Өндөр сумын ард иргэд оролцлоо
Хутаг-Өндөр сум бол Урантогоо, Жалавч, Тулга зэрэг байгалийн дурсгалт газар, тусгай хамгаалалттай Намнан, Бүтээл, Хантай зэрэг байгалийн ховор ургамал бүхий өндөр уул нуруудтай, Сэлэнгэ, Эгийн гол зэрэг Монгол орны томоохон гол мөрний ай савд нутагладаг үржил шим бүхий хөрстэй, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой, байгалийн үзэсгэлэнт газар хийгээд түүхийн дурсгалт цогцолбор бүхий уудам газар нутагтай, эдийн засаг, дэд бүтцийн хөгжлөөрөө улсдаа тэргүүлдэг, Булган хангай нутгийн бүсчилсэн хөгжлийн жишиг сум билээ
Тус сум 1924 онд 3 баг 300 өрхтэйгөөр байгуулагдаж байсан бол өдгөө засаг захиргааны 5 багт 1607 өрхийн 5193 хүн ам оршин сууж байна. Үүнээс 52.5 хувийг залуучууд, 36.1 хувийг хүүхэд, 11.3 хувийг ахмадууд эзэлдэг
Хутаг-Өндөр сум Булган аймгийн баруун хойд хэсэгт 560.5 мянган га газар нутгийг хамран, хойд талаараа Тэшиг, зүүн талаараа Сэлэнгэ, зүүн урдуураа Бугат, урд талаараа Сайхан, баруун урд талаараа Баян-Агт, баруун хойд талаараа Хөвсгөл аймгийн Тариалан сумтай хиллэн оршдог
​Тус сум нь Монгол улсын төвийн бүсийн босоо тэнхлэгийн авто замын сүлжээний Улаанбаатар-Орхон-Булган-Хөвсгөл аймгийг холбосон улсын чанартай хатуу хучилттай авто замын дагуу байрладаг бөгөөд хүн тээвэр, шуудан холбооны үйлчилгээг бүрэн үзүүлдэг

​Эртний Уйгарын томоохон хот болох Бай-балык хотын туурь, Чингисийн унаганы зэлний гадас, Бичигт Биржин, Бичигт хад, Эгийн голын олон үеийн дурсгалт газрууд болон Их булаг, Улиатай, Наранбулаг зэрэг рашаан ус, Урантогоо, Намнан, Зэд Хантайн нуруу зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлж байна

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.134.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.