“Монголын төмөр зам” ТӨХК төмөр замын хүний нөөц бэлтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Үйл явдал
/
2022-06-04
“Асуудалд шийдэл байдаг” уриан дор “Зам тээврийн залуучуудын зөвлөгөөн-2022” энэ өдөр зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд болон зам тээврийн салбарын хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл болсон залуусын төлөөлөл чууллаа.

Зөвлөгөөнөөр “Төмөр замын бүтээн байгуулалт ба залуучууд”, “Авто тээврийн салбарын цахим хөгжил”, “Авто замын салбарт залуучуудын манлайлал”, “Иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн бодлого” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, салбар тус бүрт тулгамдаж буй саад бэрхшээл, шийдвэрлэх арга зам цаашид хийгдэх ажил, төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулснаараа онцлог байлаа.

Мөн энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК, “УБТЗ” ХНН, “ГТХЗНТ” УТҮГ, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Болд төмөр ерөө гол” ХХК, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн удирдлагууд  Төмөр замын тээврийн салбаруудын бүтээн байгуулалтад хэрэгцээ шаардлагатай байгаа хүний нөөцийг бэлтгэх, сургах, судалгаа эрдэм шинжилгээний ажилд хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төмөр замын салбарын сургалтын төвүүдтэй хийсэн хуралдаанаар шийдвэрлэсэн “Салбарын түвшинд тулгамдаж буй хэрэгцээ шаардлагатай мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэх ажил”-ын хүрээнд энэхүү санамж бичиг байгуулагдаж байна.

Төмөр замын дээд сургууль болон политехникийн коллежээс хийсэн судалгаагаар 2022  онд 422, 2023 онд 466 гэх мэтчилэн 5 жилийн хугацаанд жилд бэлтгэгдэх төмөр замын мэргэжлийн боловсон хүчний статистик судалгааг гаргасан байна.

“Зам тээврийн залуучуудын зөвлөгөөн-2022 зөвлөгөөний үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замд шаардлагатай байгаа төмөр замын мэргэжлийн боловсон хүчний нээлттэй ажлын байрыг зарлаж, сонирхогчдыг хүний нөөцийн бүртгэлд хамруулан ажиллалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.107.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.