Д.БАУЫРЖАН Аймгийн арилжааны банкнуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-06-04
 Аймгийн Засаг дарга Д.Бауыржан аймагтаа үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудын удирдлагууд болон төлөөллүүдийг хүлээн авч, Хөдөө аж ахуйг дэмжих зээл буюу газар тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох талаарх уулзалтыг зохион байгууллаа.

 

Уулзалтад Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Х.Серёжа, Хас банкны захирал Х.Сьезгүл, Төрийн банкны захирал Д.Рая, Хаан банкны захирал Н.Өнөржаргал, Голомт банкны төлөөлөл С.Хуанбек, болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд оролцлоо.

    Уулзалтын эхэнд Засаг дарга Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”  уялдуулан 2038 он хүртэлх Баян-Өлгий аймгийн урт хугацааны стратеги төлөвлөгөө, үүнтэй уялдуулсан Дунд хугацааны стратеги төлөвлөгөө болон Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлт, аймгийн ажлын төлөвлөгөөний биелэлт, ирэх оны ажлын төлөвлөгөөнүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

   Талууд Зээлийн Батлан Даалтын сан / Зээлийн Батлан Даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд батлан даалт гаргах ашгийн төлөө бус байгууллага юм./ болон жижиг, дунд бизнес, хөдөө аж ахуйн салбар, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдэд 3%-ийн хүүтэйгээр арилжааны банкнуудаар дамжуулж зээл олголттой холбоотой санал мэдээлэл солилцож, тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг хэлэлцлээ.

   Уулзалтын үеэр Засаг дарга банкны удирдлагуудад 3 хүсэлтээ тавьж, хамтран ажиллахыг уриаллаа. Үүнд: Мэдээллийн салбар дээр ЗДТГ-ын мэдээллийн төвтэй шилэн байдлаар хамтран ажиллахыг, Батлан Даалтын сангийн зээлийг дэмжиж ажиллахыг, Эдийн засгийг ил болгох талаас анхааралдаа авч ажиллахыг хүссэн бол 3 зүйлийг хамтдаа бүтээхийг уриаллаа. Үүнд: Хоггүй аймаг болохын төлөө хамтдаа ажиллаж, Хоггүй Өлгий хотыг бүтээх, Тэрбум модоо тарьж, хамтдаа ногоон Өлгийг бүтээх, Цахим засаглалыг хамтдаа бүтээхийг уриалсан юм.

   Харин арилжааны банкны удирдлагууд: “Аймгийн Засаг дарга ард иргэд, харилцагчдын төлөө сэтгэл гаргаж биднийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэхийн сацуу Таны  тавьсан 3 хүсэлт, хамтдаа бүтээх 3 ажлыг хэрэгжүүлж, дэмжин ажиллах болно” гэдгээ хэлж уулзалтыг дүгнэлээ.

    Хас банкны захирал Х.Сьезгүл “23 жил банкны салбарт, сүүлийн 20 жилд нь банкны захирлаар ажиллаж байна. Энэ хугацаанд аймгийн удирдах түвшинд аймгийн Засаг даргын хувьд бид нарыг уулзалтад урьж, хүлээн авч, аймгийнхаа төлөө хийсэн ажлаа танилцуулж, тайлагнаж, цаашид хамтран ажиллах талаар саналыг ингэж  сэтгэл гаргаж тавьж байгаагүй. Ийм сэтгэл гаргасан уулзалтад ирж байгаагүй юм байна. Иймд цаг зав гаргаж биднийг хүлээн авч уулзаж байгаа танд маш их баярлалаа. Таны засаглалын хийсэн ажил цаашлаад стратегийн төлөвлөгөө хүртэл танилцуулж байгаад дахин талархаж байна. Таныг дэмжин хамтарч ажиллах болно. Мөн Хөдөө аж ахуйн асуудлаар тус газрын мэргэжилтнүүдтэй хамт асуудлыг хэлэлцэж байгаад сайшаалтай байна. Тус газар бидний хамтран ажилладаг байгууллагуудын нэг, тиймээс өнөөдрийн уулзалтаар тодорхой хэмжээний ойлголтод хүрлээ.” хэмээн уулзалтыг дүгнэв.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.187.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.