Хүүхдийн баярыг инээд хөөр дүүрэн өнгөрүүллээ
Үйл явдал
/
2022-06-03
 Өчигдөр бяцхан үрсийн минь хамгийн баяр баясгалантай өдрүүдийн нэг болж өнгөрлөө.  “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн арга хэмжээг аймгийн ЗДТГ болон ГБХЗХГ хамтран М.Икей баатрын төв талбайд зохион байгуулж, бусад хэлтэс агентлагууд дэмжин ажиллаа.

   Энэ өдөр гадаа хэдий бороотой бүрхэг байсан ч гэсэн өнгө өнгийн шүхэртэй, инээд хөөр цалгиж, аз жаргал бялхаж байгаа хүүхдүүд өнгө нэмж байлаа.

    “Хүүхдийн төлөөх сэтгэл энгийн үйлдлээс л эхэлнэ. Эцэг, эхчүүд бид хүүхдийнхээ халуун алгаас атгаж, тэднийхээ яриаг сонсож, ярилцан алхах сайхан шүү. Магадгүй өнөө цагийн завгүй амьдралд үр хүүхэдтэйгээ бид ингэж алхах нь цөөрсөн байж мэднэ. Тиймээс энэ өдрийг зөвхөн үр хүүхдүүдтэйгээ өнгөрүүлээрэй гэж хүсье” хэмээн аймгийн Засаг дарга Д.Бауыржан уриалан өөрөө үлгэр дуурайлал үзүүлэн манлайлан төв талбайд хүрэлцэн ирж, ард иргэдийн дунд орж, хүүхэд бүртэй дурсгалын зураг авахуулан хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэв.

   Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагааг нээж  аймгийн Засаг дарга Д.Бауыржан “Аймгийн хүн амын 40 хувийг хүүхэд эзэлж байна. Бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачууд та бүхэн эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй байвал манай аймаг ирээдүйд цэцэглэн хөгжинө гэдэгт огт эргэлзэхгүй байна. Насанд хүрсэн хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээгч болдог. Иймд хүүхдийн гэр бүл, нийгмийн орчинг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд өөр өөрсдийн хариуцсан ажлаа ухамсарлан биелүүлж, энэ аз жаргалаа гомдоохгүй, айлгахгүй, ичээхгүй, боловсролыг чинээнд нь тултал олгодог, эрүүл мэндийг нь бүрэн хамгаалдаг, баяр баясгалан, хөөр цэнгэлтэй байлгаж чаддаг ийм нийгмийг бид бий болгох ёстой.” хэмээн онцлон тэмдэглэв.

    Уг арга хэмжээнд Засаг даргын орлогч С.Хонаев, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Өлгий сумын засаг дарга бөгөөд Өлгий хотын захирагч Д.Есболат, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын  мэргэжилтэн Т.Серикжан нар оролцож, баярын  мэндчилгээ дэвшүүллээ.

     Мөн энэ үеэр авьяас билэг, авхаалж самбаа, оюун ухаан, нийгмийн амьдралд бусдыгаа манлайлан оролцож, олон улсын болон үндэсний хэмжээнд амжилт гаргасан 54 хүүхдийг шагнаж урамшуулав.

Аймгийн төвийн хүүхдүүд энэ жил баяраа М.Икей баатрын төв талбай болон Хүүхдийн паркад өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ.

  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.142.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.