Ө.Сумъяабаатар: Долдугаар сарын эхний долоо хоногтоо багтаан төв зам дагуух хашаа хайсыг будаж, засварлах шаардлагатай
Үйл явдал
/
2022-06-16
Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2022.06.15) болж дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын үндсэн болон харьяа хэлтсийн удирдлагууд оролцлоо.

Хурлын эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн 7 үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан. Дараа нь, Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтсээс 2021-2022 онд дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин болон шинээр хийгдэж байгаа ажлын талаар мэдээлэл өглөө. Баянгол дүүрэгт 2021-2022 онд улс, нийслэл, дүүрэг болон нийслэл, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 176 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Мөн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс 2022 оны хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний явц болон гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан бол Санхүү, төрийн сангийн хэлтсээс дүүргийн нийт удирдах албан тушаалтнуудад Төрийн хэмнэлтийн хуулийн талаар мэдээлэл өглөө.  

2023 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт иргэдийн санал асуулгад 52766 иргэн саналаа өгчээ

Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт иргэдийн санал асуулгыг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл авах тул хороодыг шаардлагатай мэдээллээр хангаж, иргэдийг идэвхтэй оролцуулах үүргийг дүүргийн Засаг дарга өгсөн. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/301 дүгээр захирамжийн хүрээнд 2023 онд ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээний саналыг 25-н хорооны иргэдээс 2022 оны 04 дүгээр сарын 15-наас 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Сангийн яамны Удирдлагын мэдээллийн систем ОНХС аппликейшн, e-Mongolia аппликейшн цахим хуудсаар авах ажлыг зохион байгуулжээ. Улмаар дүүргийн хэмжээнд 131,201 иргэн санал өгөхөөс 6 дугаар сарын 14-ний байдлаар 52,766 нь санал өгсөн. Үүнээс 37,838 иргэн цаасаар, 14,881 нь цахимаар санал өгчээ. Ингэснээр нийт санал өгөх хүний 40.2 хувь нь санал асуулгад хамрагдсан дүн мэдээ гарсан байна.   

Шинээр байгуулагдсан дөрвөн хорооны байр ашиглалтад ороход бэлэн болсон

НИТХ-ын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” 12/36 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн хороодыг хуваан, шинэчлэн зохион байгуулах асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн. Улмаар  3, 4, 5, 6, 7, 8, 11, 12, 17, 18, 20, 23, 25 дугаар хороог хувааснаар шинээр 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34 дүгээр хороодыг байгуулж, зарим хорооны Засаг дарга нарт шинэ хороодын Засаг даргын албан үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэн тамга тэмдэгийг хүлээлгэж өгсөн юм. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд 3-26, 20-29, 6-30, 7-31 дүгээр хорооны байрыг түрээслэх гэрээг байгуулж, шаардлагатай тавилга, техник тоног төхөөрөмжийг бэлэн болгосон гэдгийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг мэдээллээ. Мөн хороо шинээр байгуулсантай холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Халамж, үйлчилгээний хэлтэс гээд холбогдох төрийн байгууллагууд руу шаардлагатай орон тоог гаргаж өгөх талаар албан бичиг хүргүүлсэн гэсэн юм.

446 гараашийн газар чөлөөлөх ажлыг хийх нээлттэй тендер зарласан

Баянгол дүүрэгт 2022 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3, нийслэлийн төсвөөр 1, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 7, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 9, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 5 төсөл арга хэжмээ хэрэгжих бөгөөд ажлын явц ямар байгаа талаар Дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ дүүргийн удирдах албан тушаалтнуудад  хороо тус бүрээр нь бүрээр нь дэлгэрэнгүй танилцууллаа. 

 

Мөн Баянгол дүүрэгт 2022 онд 24 байршилд 1146 гарааш буулгахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 700 гараашийг буулгаж газар чөлөөлсөн. Үлдсэн 446 гараашийн газар чөлөөлөх ажлыг нээлттэй тендер зарлаж хийгдэхээр хүлээгдэж байгаа. Гарааш чөлөөлсөн газар дээр ногоон байгууламж болон авто зогсоол байгуулахаар төлөвлөгөөний дагуу ажил хийгдэж байна гэдгийг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ дүүргийн удирдах ажилтнуудад танилцуулсан.  

Энэ үеэр дүүргийн Засаг дарга өмнөх гарааш чөлөөлөх үед батлагдсан төсвөөс хэмнэлт гарсан. Энэхүү хэмнэсэн зардлаараа дахиж нэмж гарааш буулгаж, газар чөлөөлөлтийн ажлыг хийх боломжтой. Иймд Газар зохион байгуулалтын алба, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс болон хороодын Засаг дарга нар хамтран гарааш чөлөөлөх судалгааг дахин гаргах шаардлагатай гэсэн юм.  

Газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд дөрвөн хашаа чөлөөлөв   

Мөн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/476 дугаар “Газрын зөрчил арилгах арга хэмжээ авах Ажлын хэсэг байгуулах тухай”, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/585 дугаар “Хууль, журмын хэрэгжилтийг хангуулах талаар авах арга хэмжээний тухай” захирамжийн дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11 байршилд газар чөлөөлөх, хашаа хайсны стандарт хангуулах ажил тусгагдсан. Үүнээс гурван байршил буюу Улаанбаатар төмөр замын хоёр, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-ийн нэг байршил нь тусгай объект байрладаг тул хашааг буулгахгүй гэсэн юм. Түүнчлэн хашаа хайсны стандарт хангуулсан хоёр, газар чөлөөлсөн дөрөв байна. Хоёр байршлын хашаа буулгаж газар чөлөөлөх ажил төлөвлөгөөний дагуу байна гэдгийг холбогдох хэлтсийн дарга нар мэдээллээ.  

Удирдах ажилтнуудад Төрийн хэмнэлтийн хуулийн талаар мэдээлэл өглөө

Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Төрийн сангийн хэлтсийн дарга Н.Мягмарсүрэн 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн хэмнэлтийн хууль буюу төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг хэрхэн зохицуулсан талаарх мэдээллийг нийт удирдах ажилтнуудад өгсөн юм.

Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 далан сувгийн цэвэрлэгээг 7 хоног бүр тогтмол хийж байна

Өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ ажлын хүрээнд “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-аас дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 далан сувгийн цэвэрлэгээг 7 хоног бүр тогтмол хийж хэвшсэн. Тавдугаар сарын байдлаар хоёр удаагийн их цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн гэсэн мэдээллийг өглөө.

Хурлын төгсгөлд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж, холбогдох газар хэлтсүүдэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Үүрэг даалгавартай ЭНД дарж танилцана уу.

Мөн дүүргийн удирдах ажилтнуудад хэд хэдэн зүйлийг анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Үүнд,

  • Дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс хамтран удирдамж гаргаж долдугаар сарын эхний 7 хоногтоо багтаан төв зам дагуу үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийг хашаа хайсаа будаж янзлах, тохижилтын ажлыг хийлгэх
  • Дүүргийн хэмжээнд зүлэг тарих ажлыг эрчимжүүлэх. Жасрайн гудамж дагуу хашлага хийх
  • Дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсээс Нийслэлийн Соёл урлагийн газар, Гандантэгчэнлин хийд, “Улаанбаатар төмөрзам” ХНН, номын сан, музей зэрэг соёлын байгууллагуудтай хамтран дүүргийн хэмжээнд соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах
  • Түүнчлэн хэлтсийн дарга нар 2023 оны төсөвт тусгах саналуудаа нэгтгэх шаардлагатай байгааг онцлоод дараах ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.196.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.