АНУ-ын төв банк бодлогын хүүгээ огцом чангаруулав
Үйл явдал
/
2022-06-21
Лхагва гарагт болсон мөнгөний бодлогын хурлаар АНУ-ын төв банк өндөр инфляцыг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар өсгөж 1.5-1.75 хувь хүргэлээ. Энэ нь 1994 оноос хойших хамгийн огцом өсгөсөн үзүүлэлт юм.

Тус төв банкны ерөнхийлөгч Жером Пауэлл хэвлэлийн хурлын үеэр “7 дугаар сарын хурлаар бодлогын хүүг дахин 0.5-0.75 нэгж хувиар өсгөх хүлээлтэй байна” гэж онцолжээ. Шинжээчид Холбооны нөөцийн банкыг бодлогын хүүгээ энэ онд 3.4% орчимд хүргэж нэмэгдүүлнэ гэж үзэж байгааг CNBC мэдээлсэн байна.

АНУ-д инфляцын түвшин 1981 оноос хойш буюу 40 гаруй жилийн дээд түвшинд хүрээд буй. Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлогын хороо “инфляцыг зорилтот түвшинд хүргэх бодлого хэрэгжүүлэх үүргээ биелүүлнэ” гэдгээ мэдэгдэлдээ онцлон дурдсан. Мөн “цар тахлаас үүдсэн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал, түлш шатахууны үнийн өсөлтөөс үүдэж инфляц өндөр түвшинд хадгалагдаж буй бөгөөд үнэ өсөх дарамт их байна. ОХУ-ын Украинд халдсан явдал нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, эдийн засгийн идэвхжилийг сааруулах нөлөө үзүүлж байгаа. Мөн БНХАУ-д ковидоос үүдэж хөл хорио тогтоосон нь нийлүүлэлтийн сүлжээний саатлыг даамжруулахаар байна ” гэжээ.

Америкийн төв банк нь инфляцыг урт хугацааны дунджаар 2%-д тогтворжуулах бодлогын зорилт хэрэгжүүлдэг. Одоогоор инфляц дээрх шалтгаануудын улмаас 8.6% хүрээд буй нь үүнээс 4 дахин өндөр үзүүлэлт юм.

Мөн энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвөө 1.7% болгож 3 дугаар сарын төсөөллөөс 1.1 нэгж хувиар бууруулсан нь эдийн засагт нь хүндхэн сорилт бий болсныг харууллаа.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.76.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.