Малчин, тариаланч иргэдийг тооллогодоо идэвхтэй хамрагдаж мэдээллээ үнэн зөвөөр өгөхийг уриалж байна
Үйл явдал
/
2022-06-23

  Статистикийн тухай хуулийн дагуу хөдөө аж ахуйн салбарын тооллогыг 10 жилд нэг удаа зохион байгуулдаг. Монгол Улс хөдөө аж ахуйн тооллогыг анх 2012 онд хийж байсан. Хуулийн дагуу хоёр дахь тооллогыг энэ сард орон даяр зохион байгуулж байна.

     Тооллогын мэдээлэл, цуглуулалтын ажлыг аймаг, нийслэлийг гурван бүс болгон хувааж, гурван өөр хугацаанд хийхээр зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар, Дорноговь, Дундговь, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийг гуравдугаар бүс болгож, энэ сарын 20-ноос ирэх сарын 3 хүртэл тооллогын ажлыг зохион байгуулах юм.

700

      Манай аймгийн хэмжээнд 56 тоологч, 14 шалгагч, 28 жолооч гээд 100 гаруй хүн хөдөө аж ахуйн тооллогыг хийнэ. Үүнтэй холбоотойгоор аймгийн Статистикийн хэлтсээс Үндэсний статистикийн хороотой хамтран “Хөдөө аж ахуйн тооллого 2022”-ын тоологч, шалгагч нарыг бэлтгэх хоёр өдрийн сургалтыг аймгийн төвд зохион байгуулж, тооллого явуулах бэлтгэл ажлаа хангасан юм.

        Энэ удаагийн тооллогыг улс орон даяар таблет ашиглаж явуулж байгаагаар онцлогтой болж байна. Уг тооллого эхэлсэнтэй холбоотойгоор аймгийн тооллого зохион байгуулах комиссын гишүүн, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол болон Статистикийн хэлтсийн дарга Н.Ерлан нар Алтанцөгц суманд очиж газар дээр нь ажиллаа.

700

        Тэрбээр тус сумын тооллого зохион байгуулах комисс болон тоологч, шалгагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллахаас гадна тоологч нарт тооллого явуулах таблетыг, ажлын үнэмлэхийн хамт гардуулж хүлээлгэн өгсөн юм. Тус суманд 1 шалгагч, 3 тоологч нийт 180 гаруй мал аж ахуй болон газар тариалангийн тооллого явуулах юм.

       Энэ үеэр аймгийн анхны тооллогоо таблетээр бүртгэх зорилгоор тус суманд газар тариалан чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг С.Бекетийн газар тариалангийн талбайд очиж ажиллаа.

        Алтанцөгц сумын тоологч Ө.Еркебулан С.Бекетийн газар тариалан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг тооллогод хамааруулснаар аймгийн анхны тооллогод хамаарагдсан аж ахуйн нэгж болсон юм. Ийнхүү тооллогод хамрагдсанаар мэдээллийн нэгдсэн баазад орох юм.

700

        Энэ удаагийн тооллогыг явуулснаар өмнөх 10 жилд явуулсан тооллогоос хойш хөдөө аж ахуйн салбарт гарсан өөрчлөлтүүдийг тооцон, дүн шинжилгээ хийх юм. Түүнчлэн цаашид салбарын хөгжлийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах дэлгэрэнгүй мэдээллийг гаргах юм.

       Ингэснээр мэдээллийн баазад газар тариалангийн салбарт менежмент нь ямар байгаа, газар ашиглалт, тариалсан ургамлын төрөл, усалгаатай талбайн эзлэх хувь, тариалсан ургамлын төрөл, хэмжээ, хэрэглэж буй бордоо, ажиллах хүч, тоног төхөөрөмж хүртээмжтэй эсэх, хөдөө аж ахуйн үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, өрхийн орлого зарлагын бүтэц ямар байна, эдийн засгийн харилцаа тогтвортой байна уу, хурааж авсан хүнсний бүтээгдэхүүнээ нөөцлөх агуулах, сав хүрэлцээтэй байна уу, зах зээлд бүтээгдэхүүнийхээ хэр хэмжээг борлуулж чадаж байна, хэр хэмжээг нь муутгаж байна гээд олон үзүүлэлтийг нарийвчлан судлах, тухайн салбарт үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох зэрэг бусад нэмэлт мэдээллийг цуглуулах боломж бүрдэж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой хэмээн Статистикийн хэлтсийн дарга Н.Ерлан онцлоод, тооллогодоо идэвхтэй оролцохыг ард иргэд, аж ахуйн нэгжүүддээ уриалав. 

       Анх 15 ширхэг бургас тариалж одоо бараг ойн төгөл байгуулсан “Бекжанай” ХХК-ны захирал С.Бекетийн үйл ажиллагааг уншигч та бүхэнд товчхон танилцуулъя.

       Тэрээр чацаргана, малын тэжээл, ойжуулалтын чиглэлээр 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн С.Бекетийн газар тариалангийн талбай нийт 500 га газрыг хамарчээ.  Эл компани сумынхаа төвөөс холгүйхэн ор­ших газарт  чацарганын тариалан эрхлээд нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй чацаргана, бургас модны үрсэлгээ, суулгацыг зах зээлд нийлүүлдэг байна. Бас дөрвөлжлөн хуваасан жижиг талбайнуудад 1800 гаруй бургас модны үрсэлгээ, суулгац тариалж байсан юм. Алтанцөгц нутгаа ойжуулж, цөлжилтийг сааруулах зорилгоор чацарганын  талбай байгуулж, арвин ургац хурааж байгаагаа С.Бекет бидэнд хуваалцлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд сая гаруй модыг тарих бүрэн боломж надад бий гэдгийг энэ үеэр онцоллоо.

700

 Тэрээр өөрийнхөө хөдөлмөрөөр тогийн асуудлаа, Ховд голоос усжуулалтын системээ шийдэж, бүх зүйлээ автоматжуулж бас камержуулсан нь онцлогтой бас тэр хүний ямар их хөдөлмөрч хүн гэдгийг харуулж байлаа.

 “Бекжанай” ХХК-ны захирал С.Бекет хэлэхдээ “Бид Алтанцөгц суманд тарьж ургуулсан тухайн газар нутаг, хөрс, цаг уур, усны онцлог шинж чанарыг шингээсэн амт чанар сайтай, химийн бордоогүй нутгийн чацарганаараа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ер нь нутгаа ойжуулж ногооруулах, мод тарих чин хүсэл эрмэлзэл дээр л энэ ажил эхэлсэн. Мөн чацаргана жимс маш их амин дэм, витамин агуулсан хаан жимс хэмээн үнэт чанараараа нэрлэгдэн танигдсан ургамал шүү дээ. Мөн энэхүү талбайдаа төмс, лууван, нарийн ногоо, үхрийн нүд, шийгуа зэргийг тариалдаг. Байнгын 4 хүнийг ажилтай болгож, хаврын тариалалтын үеэр 30-40 хүн, намрын ургац хураалтын үеэр 50-80 хүнийг түр ажлын байраар хангадаг. Эцэст нь хэлэхэд аймгийн нийт малчин, тариаланч иргэдийг тооллогодоо идэвхтэй хамрагдаж мэдээллээ үнэн зөвөөр өгөхийг уриалж  байна ” хэмээн онцлов.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.235.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.