Ажлын байрны дуу шуугианы сөрөг нөлөөлөл
Үйл явдал
/
2022-05-11

Шуугианы гарал үүсэл олон янз бөгөөд түүнийг ерөнхийд нь хот суурин газар хүн ам ихээхэн төвлөрөн олширсны үр дагавар хэмээн үздэг. Шуугианаар орчин бохирдохуй гэдэгт: хүний амьдрах орчинд тархаж бие, сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн физик гарал үүслийн хувьд өөр өөр бөгөөд далайц ба давтамж нь санамсаргүйгээр өөрчлөгдөх эмх цэгцгүй олон авианы цогц байдлаар ойлгож болно. Шуугианыг үүслийнх нь хувьд байгалийн ба хүний үйл ажиллагаатай холбоотой гэж хуваана.

Модны навч сэрчигнэх, ойн салхи шувуудын жиргээ, ан амьтдын дуу, хүрхрээ, аянга цахилгааны нүргээн, галт уулын дэлбэрэлт энэ бүхэн байгалийн гаралтай шуугианы эх үүсгүүрүүд болно.

Хүний үйл ажиллагаанаас үүдэптэй шуугианы үүсгүүрүүдэд хүрээлэн буй  орчиндоо шуугиан үүсгэдэг бүхийл техникийн бүрэлдэхүүн хэсгүүд, төхөөрөмжүүд болоод төрөл бүрийн тээврийн хэрэгслүүд орно. Эдгээр үүсгүүрийн  шуугиан хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь түүний түвшин,давтамжийн муж, үйлчлэлийн үргэлжлэл, эд эрхтэнд мэдрэгдэх онцлог зэргээрээ ялгагдана.

700

Дуу шуугиан нь давтамж, эрчим, ритмээсээ хамаарч хүний эрүүл мэндэд ашигтай (тайвшруулах, эмчилгээний) ба хортой (ядаргаа, цусны даралт ихэсгэх, бухимдал үүсгэх, сонсголын эрхтнийг гэмтээх, механик гэмтэл учруулах) нөлөө үзүүлнэ.

Дууны давтамж, дууны  даралтын түвшний хэмжээнээс хамаараад дууны долгион хүнд мэдрэгдэх нь янз бүр юм. Хүний сонсголын эрхтэн нь 20-20,000Гц-ийн давтамжтай дууг хүлээн авч ялган мэдрэх чадвартай байдаг. Хүмүүсийн ярианы давтамж ойролцоогоор 1,000-5,000Гц-н хооронд хэлбэлздэг байна.

Орчныг шуугианаар бохирдуулах гэдэгт тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнөөс үүдэлтэй шуугианыг ихэвчлэн хот төлөвлөлтийг дутуу дулимаг бодож төлөвлөсөнтэй холбон үздэг. Тухайлбал орон сууц, сургууль, эмнэлэг болон бусад олон нийтийн барилга байгууламжуудыг шуугиан буюу дуу тусгаарлах хаалт хийлгүйгээр шууд автозамын дагууд барьж байгуулсан нь оршин суугчдыг шуугианд өртүүлж байна.

Дуу шуугианы бохирдол хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг баталсан гадаадын эрдэмтдийн хийсэн олон судалгаа байдаг ба эдгээр судалгаагаар дуу шуугианы бохирдол ихтэй орчинд амьдрах нь хүний сэтгэц болон зүрх судасны тогтолцооны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Жишээ нь 65дБ –ээс дээш  шуугианы бохирдолтой, өндөр ачаалалтай автозамын дагуу амьдардаг оршин суугчдын цусны даралт ихсэх өвчин шуугианы түвшинтэй шууд хамааралтай гарсан байна.

Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй шуугиан удаан хугацаагаар үйлчлэхэд нойргүйдэх, хоол боловсруулах эрхтэн хямрах, амтлах болоод харааны мэдрэмж муудах ууртай болох, цочромтгой болох гээд сөрөг үр дагавар ихтэй тул ийм шуугианаас хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай болно. Байнгын дуу чимээтэй орчинд ажиллаж, хотын төвд амьдардаг хүмүүс нам гүм орчинд байдаг хүмүүстэй харьцуулахад илүү уур уцаартай, аймхай, өөртөө итгэлгүй, гутранги байдаг нь хэд хэдэн судалгаагаар тогтоогдсон байна. Дуу чимээ ихтэй орчинд анхаарал төвлөрөлт сулрах тул ажлын бүтээмж, сурлагийн чанарт муугаар нөлөөлдөг байна.

Улаанбаатар хотын төв замын дагуух суурьшлын орчинд дуу шуугианы бохирдол хэвийн хэмжээнээс хэтэрч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч байгааг сүүлийн үед хийгдсэн судалгаа харуулж байна.

Дэлхий даяар сүүлийн 30 гаруй жилд хүний амьдрах таатай орчны доройтолд дуу шуугианаар бохирдохуй хэмээх бохирдлын өвөрмөц нэгэн төрөл багагүй хувийг эзлэх болоод байгаа тул хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй шуугианыг бууруулах техник технологийн арга замыг эрэлхийлж байна.

Эрүүл ахуйн үүднээс шуугиан нь ашигтай дуу авиаг хүлээн авахад саад болж, нам гүм байдлыг алдагдуулах, бие махбодид хортой, цочроох нөлөө үзүүлэх, ажиллах чадварыг бууруулах дуу авианы нийлбэр гэж үздэг.

Дуу шуугианы эрүүл ахуйн норм тогтоох нь богино болон урт хугацааны нөлөөллөөс хүнд үзүүлэх сөрөг өөрчлөлт, өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдах зэргээс сэргийлэх ач холбогдолтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.210.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.