Аймгийн засаг дарга Д.Бауыржан цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад хамрагдаж байна
Үйл явдал
/
2022-08-28

Аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтарсан цэрэг-стратегийн бэлтгэл сургалт Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тушаалын дагуу өнөөдөр /2022.08.26/ эхэллээ. 

               Уг бэлтгэл сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд аймгийн Засаг дарга Д.Бауыржан оролцож байна.

             Сургалтын нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр оролцож, ““Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш дайчилгааны тухай хууль, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн дагуу аймаг, нийслэлийн засаг дарга нартай хамтарсан цэрэг-стратегийн сургалтыг анх удаа зохион байгуулж байна. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилт, Батлан хамгаалах хууль эрх зүйн шинэчлэлийг орон нутагт гардан зохион байгуулах, орон нутгийн хамгаалалтыг улс орны хэмжээнд зохион байгуулдаг гол хүмүүс бол удирдлагууд та бүхэн байдаг” хэмээн онцлов.

700

               Мөн дэлхийн улс орнуудын цэрэг улс төрийн байдал эмзэг, мэдрэмтгий байгаа нь манай орны эдийн засаг, иргэдийн зорчих хөдөлгөөнд тодорхой нөлөө үзүүлж байна. Иймд энэ удаагийн сургалтаар Зэвсэгт  хүчин, Хил хамгаалах байгууллагатай холбоотой олон асуудлыг хөндөж, тэр дундаа Аюулгүй байдлыг хангах үндсэн асуудлууд, нөлөөлөх хүчин зүйлс, Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчны өөрчлөлт, Орон нутгийн хамгаалалтын үндэс, удирдлага, зохион байгуулалт, Дайчилгааны үндэс, төлөвлөлт, нутгийн захиргааны байгуулалтын үүрэг зэрэг сэдвээр аймгийн удирдлагууд онолын мэдлэгээ дээшлүүлнэ гэв.

           Түүнчлэн эдгээр өдрүүдэд 21 аймаг, 9 дүүргийн шилдэг хүүхэд залуусын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй цэрэгжилтийн-спортын “ДӨЛ-2022” тэмцээнд аваргаа тодруулахаар хурд, хүч авхаалж, самбаа, оюун ухаанаа уралдуулж байна.

Энэхүү тэмцээн бол хүүхэд, залууст цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, бие бялдрын болон ёс суртахуун, сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх өндөр ач холбогдолтой. Үүнд БШУЯ, ЕБС-иуд, аймаг, нийслэлийн орон нутгийн удирдлага та бүхэн нарийн зохион байгуулалттайгаар хамтарч ажиллаж байгаад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлье” гэлээ. 

               Аймгийн Засаг дарга маргааш Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд болж буй “ДӨЛ-2022” тэмцээний хаалтын үйл ажиллагаанд оролцоно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.158.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.