Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Э.Батшугарыг сонгохыг дэмжив
Үйл явдал
/
2022-08-31

Байнгын хорооны дарга Н.Учрал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-т “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгогдсон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1-д “Байнгын хорооны даргад Байнгын хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлнэ” гэж заасныг дурдлаа.

    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг бүлгийн дэд дарга Х.Булгантуяа танилцуулав.

Нэр дэвшигчээс асуулт асуух, үг хэлэх гишүүн гараагүй. Ингээд Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарыг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд олонхийн саналаар дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.67.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.