“БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ МАНЛАЙЛАЛ” сургалт, зөвлөгөөн болж байна
Үйл явдал
/
2022-08-31

 Аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт “Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил манлайлал” сургалт, зөвлөгөөн болж байна.

    Тус сургалт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд багш нарын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, 2022-2023 оны хичээлийн жилийн бодлого, зорилт, хэрэгжилтийн талаар ойлголтоо нэгтгэх, сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөөний хэрэгжилтэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.

    “Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил манлайлал” сургалт, зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, орлогч дарга С.Хонаев, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Г.Амантай, аймгийн ЗДТГ-ын Боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Эльмира болон 13 сумын 44 сургууль, 54 цэцэрлэгийн удирдлагууд, багш нар оролцож байна.

700

   Тус сургалт зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр боловсролын салбарын нийт багш, удирдах ажилтнууд, сурган хүмүүжүүлэгчдэд 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлэн мэндчилж, өнгөрсөн оны хичээлийн жилийн манай аймгийн боловсролын салбарын ололт, амжилтуудыг цохон тэмдэглэв.  Тухайлбал Ховд Их сургуулийн Баян-Өлгий дэх салбар сургуулийг Монгол Улсын Боловсролын Их сургуулийн салбар сургууль болсныг дурдаж, цаашид энэхүү их сургуулийн дэргэд Баруун бүсийн багшийн хөгжлийн төв болон гүнзгийрүүлсэн лицей ахлах сургууль нээн ажиллуулахаар ажиллаж байгааг дуулгав. Түүнчлэн 2021-2022 оны Элсэлтийн Ерөнхий шалгалтад аймгийн хэмжээнд өмнөх оноос 9.8 функцээр ахисан үзүүлэлттэй бол, сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад 20 функцээр ахисан дүнтэй гарсан нь бид боловсролын үзүүлэлтээр удаанаар ч гэлээ урагшилж байгаагийн илрэл хэмээн дүгнэв. 2021-2022 оны Элсэлтийн Ерөнхий шалгалтад манай аймгийн 9 хүүхэд хэмжээст 800 оноо авч, 800 оноо авсан сурагчдын тоогоор манай аймаг Улсад 2 дугаар байранд орсон явдал бол та бид бүгдийн хичээл зүтгэлийн бас нэг үр дүн юм. Энэхүү амжилт гаргасан хүүхдүүд, тэдгээрийг бэлтгэсэн багш нарт халуун баяр хүргэе. Сайны хажуугаар саар гэгчээр өнгөрсөн хичээлийн жилд чих халууцуулам алдаа оноо, дутагдал байсан ба энэ хичээлийн жилд алдаагаа засан сайжруулах бүх боломжоо дайчлан ажиллахыг уриалж, өнөөдөр бол та бүхний өдөр, тиймээс боловсролын салбарын тулгамдаж байгаа асуудлыг нээлттэй хэлэлцэн, сургалтын чанарын ахиц, аймаг, орон нутгийн боловсролын салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг зөв тодорхойлж аваасай гэж хүсэж байна хэмээв.

700

     Сургалт зөвлөгөөний үеэр 2021-2022 оны ЭЕШ-аас 800 оноо авсан сурагчид, тэдгээрийг бэлтгэсэн багш нарыг шагнаж урамшууллаа. Мөн  энэхүү бахдам амжилтын цаана нь сургуулийн удирдлага, хамт олны нөр их хүчин чармайлт байсан гэдгийг аймгийн удирдлагууд өндрөөр үнэлж улсын дундаж онооноос дээгүүр амжилт гаргасан сургуулийн удирдлага, хамт олныг  шагнаж урамшуулав.

700

    Түүнчлэн өнөөдрийн сургалт зөвлөгөөний бас нэгэн онцлог нь Засаг даргын дэргэдэх багш нарын зөвлөлийг байгуулж, зөвлөлийн гишүүдийг нийтээрээ хэлэлцэж тодорхойлсон явдал юм. Аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсролын зөвлөл нь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус боловсролын сургалтын үйл ажиллагаа хичээл хүмүүжлийн ажлын явцад өөрсдийн санал бодлоо тусган Засаг даргад танилцуулан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөгөө өгөх үүрэг бүхий орон тооны бус байгууллага юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.136.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.