Баянхонгор аймгийн Өвгөнжаргалант хүүхдийн зусланд “МААМУУ НААШ ИР” дуунд зориулсан гэрэлт хөшөөг бүтээжээ
Үйл явдал
/
2022-09-01
Монгол Улсад хамгийн алдартай хүүхдийн дуугаар зүй ёсоор нэрлэгддэг "Маамуу нааш ир" дууг 1956 оны 10 дугаар сарын 25-нд олны хүртээл болгож байжээ. Энэхүү дууны үгийг Хонгор нутгийн хөвүүн, Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн бичсэн юм.
Энэ онд 60 жилийн түүхт ой нь тохиож буй “Өвгөнжаргалант” хүүхдийн зуслан хамт олны санаачилгаар “Маамуу нааш ир” дуунд зориулсан гэрэлт хөшөөг мөнхжүүллээ. Хөшөөг Баянхонгор аймгийн уугуул уран барималч УГЗ Д.Сосорбурам, барималч н.Угтаасүрэн нар бүтээсэн бөгөөд тэдний ажилд ГБХЗХГ-ын ажилчид тусалжээ.
 
700
Дуулгахад, уг дуунд зориулсан хөшөө Улаанбаатар хотын Хүүхдийн төв ордны баруун талд байдаг бол Ч.Лхамсүрэнгийн гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө Баянхонгор аймгийн Ном соёлын өргөөний өмнөх талбайд байдаг. Дууны 60 жилийн ой 2016 онд, дууны үгийг бичсэн Яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой 2017 онд тохиосон.
Яруу найрагч Ч.Лхамсүрэн /1917-1979/ 1917 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төржээ. Яруу найрагч, үргэлжилсэн үг, хүүхдийн зохиолч тэрээр дөчөөд онд худалдааны сургууль, 1965 онд Москвагийн А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг төгсжээ.
1938 оноос зохиол бүтээлээ туурвиж, 40 шахам ном түүвэр хэвлүүлсэн бөгөөд түүний олон зохиол нь ЗХУ-ын Орос болон бусад хэлэнд орчуулагдан хэвлэгдсэн байдаг. Яруу найргийн бүтээлүүд нь ардын аман зохиол дээр үндэслэгдсэн байдгаараа онцлог бөгөөд Ч.Лхамсүрэнгийн бичсэн олон шүлэг нь ард түмний дунд түгээмэл дуунууд болсон байна.
Тэрээр 1962 онд “Хүрэн морь” найраглал, "Маамуу нааш ир” зэрэг хүүхдийн дууны шүлгээрээ төрийн шагнал хүртэж байжээ.
Маамуу нааш ир
Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын
Авчирсан тоглоом бий шүү
Морь унаж давхия аа
Машин барьж явъя аа
Ном сонин уншъя аа
Ногоон модоо тойръё оо
Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Ах эгч хоёрын
Авчирсан тоглоом бий шүү
Хүрэн баавгай хөтөлье өө
Хүчит заанаа тууя аа
Хүүхэлдэйнхээ хамтаар
Хөөрхөн тоглоомоор тоглоё оо
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.21.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.