Д.МӨНХБОЛД: "НЭН ТҮРҮҮН ХАБ" сэдэвт зөвлөгөөн таван салбарын дунд явагдана
Үйл явдал
/
2022-09-02
Энэ онд тохиох Уул уурхайн салбарын 100 жилийн ойг угтан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр ямар ажлууд зохион байгуулах талаар Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАХ-ийн дарга Д.Мөнхболдоос тодрууллаа.

Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хоёр ажил манай хэлтсээс зохион байгуулна. Нэгдүгээрт, “Алтан бамбай” уламжлалт тэмцээнийг зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дунд бус нийт уул уурхайн компаниудын хооронд аврах ажиллагааны дадлага, сургуулилт хэлбэрээр явуулна. Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар уг тэмцээнийг зохион байгуулах болсон. Энэ тушаалаар батлагдсан тэмцээний удирдамжийн дагуу бэлтгэл ажлаа хангаад явж байна. Манай үйлдвэрийн дэргэдэх Гал унтраах 58-р ангийн бэлтгэлийн полигон дээр тэмцээн явагдана. Монгол улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж яваа салбар бол уул уурхай. Иймээс уурхайчид эрүүл, аюул осолгүй, ая тухтай орчинд хөдөлмөрлөх ёстой.  Энэ үүднээс “Нэн түрүүнд ХАБ” сэдэвт уламжлалт чуулганыг Эрдэнэтэд зохион байгуулна. Есдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд чуулган болно. Эхний өдөр “Алтан бамбай” тэмцээн явагдана. Дараагийн өдөр явагдах чуулганы үеэр “Алтан бамбай”-д амжилттай оролцсон баг, тамирчдын шагналыг гардуулна. “Нэн түрүүнд ХАБ” сэдэвт чуулган өмнөх жилүүдэд Улаанбаатарт хоёр өдрийн турш явагдаж ирсэн.

-Уул уурхайн түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Нэн түрүүнд ХАБ” сэдэвт чуулганы онцлог юу вэ?

-Өмнө нь чуулганд оролцогч компаниуд Монгол улсын хэмжээнд ХАБ, эрүүл ахуйг хэрхэн сайжруулах талаар зөвлөлдөж, санал бодлоо солилцож ирсэн. Иймээс уурхайчид ХАБ-ын чиглэлээр тулгамдсан асуудлыг авч хэлэлцэн Төр засгийн сонорт хүргэх зорилготой юм. Ингэснээр Төр засгийн зүгээс чухал шийдвэр гаргуулах нь чухал байна. Өөрөөр хэлбэл, ХАБ-ын чиглэлийн нэн тулгамдсан асуудалд шийдэл гаргуулахыг зорьж байна. Яагаад гэвэл бид жил бүр цугладаг, чуулдаг, зөвлөмж гаргадаг. Гаргасан зөвлөмжийг төр засгийн зүгээс авч үзэж, амьдрал дээр хэрэгжих нь ховор байна. Иймээс “Нэн түрүүнд ХАБ” гэсэн үзэл баримтлал, хандлагыг Эрдэнэт үйлдвэрийнхэн улс орон даяар түүчээлэх ёстой. Энэ сарын 22-оос эхлэн “Нэн түрүүн ХАБ” сэдэвт зөвлөгөөн таван салбарын дунд явагдана. Уул уурхайн салбарын зөвлөгөөнийг Оюу толгой компани зохион байгуулна. Үүний дараа Барилга, Зам тээвэр, Түлш эрчим хүчний болон Эрүүл мэндийн салбарын цуврал зөвлөгөөн болно. Энэ таван салбарт ХАБ-ын чиглэлээр тулгамдсан асуудлыг авч хэлэлцэн төрийн зүгээс шийдвэрлэх асуудлыг хөндөж тавина. Есдүгээр сарын 28-нд Монгол улсын хэмжээнд ХАБ-ын чиглэлийн тулгамдсан ямар асуудлууд байгааг гаргаж тавина. Засгийн газрын гишүүн, шинэ сайдуудад бид дуу хоолойгоо хүргэнэ. Ингээд Эрдэнэт хотод болох “Нэн түрүүнд ХАБ” чуулганд шийдвэр гаргах түвшний эрх бүхий төр захиргааны байгууллагын удирдлагуудыг урьж асуудлыг шийдэх зорилготой байна. Тэгэхээр тодорхой шийдэлд хүрсэн хурал болно байх. Уул уурхайн салбарыг Монголын хөгжлийн тулгуур гэж үздэг тул уурхайчид аюул осолгүй ажилтан байх ёстой. 

-Эрдэнэт үйлдвэрт ХАБЭА-н чиглэлээр ямар дорвитой ажил хийгдэж байна вэ?

-ХАБЭА-н шинэ стандарт хэрэгжүүлэхэд Эрдэнэт үйлдвэр бусдыгаа түүчээлж байна. Ганц жишээ авахад ISO 45001:2018 стандарт нь дэлхий нийтэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрхэн удирдан зохион байгуулах, яаж менежментийн тогтолцоог бүрдүүлэх талаар тодорхой заасан байдаг. Энэ стандартыг Эрдэнэт үйлдвэр авч хэрэгжүүлсэн. Тэгэхээр аж ахуйн нэгж, төрийн болон хувийн оролцоотой компаниудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа олон улсад дагаж мөрдөж буй нэг стандартын дагуу яваасай гэж үзсэний үндсэн дээр гарын авлага гарган тараах зорилготой ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.43.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.