М.ДЭЛГЭРМӨРӨН: Сургууль төгсөөд шууд л инженер, дарга болно гэж бодож байлаа
Үйл явдал
/
2022-09-10
Намайг Мөнхбатын Дэлгэрмөрөн гэдэг. 20 настай. 2022 оны 6 сард ШУТИС-ийн УУС-ийг уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр төгссөн. Одоо Багануур ХК-ийн уулын 2-р хэсэгт ЭКГ-8И №1946 экскаваторын туслах машинчаар ажиллаж байна. Анх ажлын сонгон шалгаруулалтанд орохдоо тэнцэхгүй бол яанаа гэсэн их айдастай орсон. Учир нь миний аав уурхайчин, ах минь уурхайчин болохоор уурхайчин болох нь миний мөрөөдөл байсан. Тэгээд л тэнцэхгүй бол... гэсэн айдастай орсон юм. Сонгон шалгаруулалтанд тэнцчихээд уурхайчин болчлоо гэж бодохоор нэг л итгэж өгөхгүй сонин санагдаад байсан.
Ажлын эхний өдөр эмчийн үзлэгт орж даралтаа үзүүлээд сууж байхдаа огшоод тийм гэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн.
Бага байхаас л манай гэрээр орж гардаг хүмүүс, аавын найз нөхөд бүгд уурхайчид. Дараа нь ах маань уурхайчин болоод ажилдаа явлаа гээд ээлжиндээ гарах нь үнэхээр бахархалтай санагддаг байсан болохоор аав ах нартайгаа ярилцаад уул уурхайн ашиглалтын ангийг сонгосон.
Би сургууль төгсөөд шууд л мастер, инженер, дарга болно гэж бодож байсан чинь одоо экскаваторын туслах машинч болчихсон явж байна./инээв/. Аав минь надад аливаа зүйлийг багаас нь эхлэх хэрэгтэй. Ажилд ч гэсэн анхан шатнаас нь эхлэн орж суралцаж, хөгжиж ахиж дэвшинэ шүү дээ гэж хэлсэн юм. Тэгээд л би экскаваторын туслахаар ажилд орсон. Манай хэсгийн инженер техникийн ажилтнууд л гэхэд бүгд туслах машинчаас ажлын гараагаа эхэлсэн юм билээ. Одоо би тэдний замналаар явахын тулд хичээн ажиллана гэж бодож байгаа.
Оюутан байхдаа дадлага хийж, дипломын ажлаа Багануурын уурхайгаар хамгаалсан болохоор уурхайг мэддэг гэж бодож орж ирсэн. Гэтэл яг дотор нь ороод ажиллаад эхэлсэн чинь уул технологийн төлөвлөлт, ХАБЭА гээд өшөө сурч мэдэх өчнөөн чухал зүйлүүд байна. Манай хэсгийн мастер, механикууд бас бригадын хамт олон их сайхан харилцаатай ойлголцоход амар, найрсаг хүмүүс болохоор тэд нараасаа өдөр бүр суралцаж байгаа. Ирээдүйд би уурхайнхаа хөгжлийн бодлогыг тодорхойлолцох инженер болно гэж мөрөөдөн урам зориг дүүрэн ажиллаж байна.
Ингээд үе тэнгийн бүх залуучууддаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсч, Монголын залуучуудын өдрийн мэнд хүргэе.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.21.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.