Л.ЭНХ-АМГАЛАН: 655 сургуульд багшилж байгаа 29 мянга 324 багшид ур чадварын ҮНЭЛГЭЭ хийлээ
Үйл явдал
/
2022-09-13
Боловсролын салбарын үр дүнд гүйцэтгэсэн санхүүжилтийн тогтолцооны эхлэл буюу багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлсэн үнэлгээг БШУ-ны яамнаас танилцууллаа.

Багшийн гурван үндсэн чиг үүрэг бий. Нэгдүгээрт суралцагчийн хөгжил, хоёрдугаарт багшийн хөгжил, гуравдугаарт сургалтын чанарын асуудал байдаг. Иймд тус чиг үүргийн хүрээнд БШУЯ багш нарыг үнэлжээ. Үүгээр багш нарыг ур чадварыг дөрвөн шалгуураар үнэлсэн байна. Нэгдүгээрт сурагчдад боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц үр дүн. Хоёрдугаарт сурагчдыг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны үр дүн. Гуравдугаарт өөрийгөө ажлын байр дээрээ тасралтгүй хөгжүүлэх. Дөрөвдүгээрт сургуулийн болон олон нийтийн оролцсон хувь нэмэр. Энэ нь эцэг, эхчүүд, асран хамгаалагч нартайгаа хэр зэрэг ажилласан, сургуулийнхаа хөгжил дэвшилд ямар хувь нэмэр оруулсан бэ гэх асуудал юм. Үүнд нийт нэг сая 300 мянган хүн оролцсон байна. Мөн сурагч өөрсдөө багш нараа үнэлжээ.

Багш нарын ур чадварын үнэлгээг Монгол Улсын 655 сургуульд багшилж байгаа 29 мянга 324 багшид үнэлгээ хийсэн байна. Тус үнэлгээг хийхдээ багш нарын хичээл заадаг мэргэжлийн чиглэлийг харгалзуулан үнэлжээ. Үүнд нийт 1.3 сая хүн оролцсон байна. 473 мянган эцэг, эх, асран хамгаалагч, 5-12-р ангийн 285 мянган хүүхдүүд, 29 мянган багш, захирал, менежер, нийгмийн ажилтан, заах аргын ахлагч нар гэсэн хүмүүс үнэлгээнд оролцсон байна.

Багш нарыг 4 шалгуураар шалгаж зургаан түвшинд ангилж байна

Нэгдүгээр шатлалын ангилалд орж байгаа багш нарыг зургаан түвшинд ангилжээ. Тус ангилалд орж байгаа багш нарт үндсэн цалин дээр нь 25 хувийн урамшуулал олгоно. Хоёрдугаар ангилалд орж байгаа багш нарт 20 хувь, гуравдугаар ангилалд 15 хувь, дөрөвдүгээр ангилалд 10 хувийг үндсэн буюу суурь цалин дээр урамшуулал олгох юм. Тав, зургадугаар түвшинд өнөөдөр ийм байдлаар үнэлэгдсэн байгаа багш нарт цалингаас нь нэг ч төгрөг хасахгүй.

Хуучин ур чадварын нэмэгдэл байхад нийт багш нарын 15 хүрэхгүй хувь нь нэмэгдэл авдаг байсан. Одоогийн үр дүнд суурилсан гүйцэтгэлд энэ урамшууллын тогтолцоо нэвтэрснээр, нийт багш нарын 40 орчим хувьд өөрийнхөө ажлыг бодит үнэлүүлэх боломжийг өгчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.198.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.