Дэлхийн зөн Олон Улсын байгууллага Баян-Алгий аймагт 15 жилийн хугацаанд 40-иод орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ
Үйл явдал
/
2022-09-16
Дэлхийн Зөн олон улсын байгууллага Баян-Өлгий аймаг дахь үйл ажиллагаагаа зогсоож буйтай холбогдуулан өнөөдөр /2022.09.14/  “Хамтдаа хөгжсөн 15 жил” орон нутгийн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнгийн баяраа хийлээ.

   Уг баярын арга хэмжээ аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театр зохион байгуулагдсан бөгөөд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, ДЗМ ОУБ-ын Үндэсний захирал Б.Болорцэцэг, ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат,  сумдын удирдлагууд, ОБГ-ын дарга З.Азат, ХХААГ-ын дарга Б.Нургулан, ГБХЗХГ-ын газрын төлөөлөл, тус байгууллагатай хамтран ажилласан байгууллагуудын төлөөлөл, ажилтан албан хаагчид болон төсөл хөтөлбөрүүдийн үр шимийг хүртэгчид тус арга хэмжээнд оролцлоо.

700

     Баярын арга хэмжээг нээж аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол баярын мэндчилгээ дэвшүүлэн, урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ДЗМ ОУБ-ын нийт хамт олон, санхүүжүүлэгч Японы ард түмэн болон орон нутгийн хөтөлбөрийн бүх ажилтнуудад баярлан талархсанаа илэрхийлэв.

     Дэлхийн Зөн олон улсын байгууллага нь 2007 оноос хойш манай аймагт  боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, хүүхэд хамгаалал, өрхийн амьжиргаа, даван туулах чадварыг сайжруулах, ковидын тусламж, өрхийн амьжиргааг дээшлүүлэх, хөдөө аж ахуй, өрхийн болон жижиг бизнесийг хөгжүүлэх чиглэлээр урт, дунд, богино хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн ба энэхүү 15 жилийн хугацаанд 40-иод орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.

700

    Тус олон улсын байгууллага нь хүүхэд бүрийн сайн сайхан байдал, тэдний бүрэн дүүрэн амьдралын төлөө орон нутгийн төр, засаг захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд болон хүүхдүүдтэй олон талт хамтын ажиллагаагаар дамжуулан хүмүүнлэгийн яаралтай тусламж, хөгжил, нөлөөллийн үйл ажиллагаануудыг аймгийн Бугат, Буянт, Дэлүүн, Толбо, Сагсай, Улаанхус, Цэнгэл, Өлгий  зэрэг сумдад хэрэгжүүлсэн. Мөн сүүлийн жилүүдэд манай аймагт тохиолдсон 2 удаагийн үерийн гамшиг, Ковид цар тахлын үеийн үнэлгээ, төлөвлөлт, хэрэгжүүлэлтийн бүх үе шатад аймгийн удирдлагатай нягт хамтран ажилласан.

700

     Дэлхийн 100 гаруй оронд салбартай, үйл ажиллагааныхаа цар хүрээ, хөрөнгө оруулалт, ажиллагсдынхаа тоогоор дэлхийн хамгийн том төрийн бус, хүмүүнлэгийн, хөгжлийн, олон улсын байгууллагуудын нэг болох Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага нь Боб Пийрс хэмээх сэтгүүлчийн ядарч зүдэрч буй хүмүүс, хүүхдэд туслах зүрх сэтгэл, алсын хараагаар 1950 онд байгуулагдсан түүхтэй.

700

    Анх 1993 онд Говь-Алтай аймагт болсон зудын гамшигт нэрвэгдсэн ард түмэнд Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын Ази Номхон Далайн бүсээс туслалцаа үзүүлснээр Монгол улсад үйл ажиллагаа явуулах эхлэл тавигдсан бөгөөд 1995 оны 7 сард Монгол улсын Хууль Зүйн Яаманд албан ёсоор бүртгүүлэн өөрийн суурин төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нээж, анхны орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг болон Булган аймагт нээж байжээ.

    Өнөөдрийн байдлаар Дэлхийн Зөн Монгол ОУБ нь 16 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт 32 орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, 50 гаруй тусгай төслийг хэрэгжүүлж 450,000 гаруй хүнд хүрч үйлчлээд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.239.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.