Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ өрх толгойлсон эрчүүд, эрчүүдийн наслалтын асуудалд ч анхаарлаа хандуулав
Үйл явдал
/
2022-09-16
“Оролцъё, Төлөөлье” жендэрийн эрх тэгш байдал Удирдах ажилтны хэлэлцүүлэг” боллоо

Жендерийн эрх тэгш байдал гэсэн үг улс төрийн хүрээнд ч, дэлхий нийтэд ч ихээхэн яригдах болсон. Дэлхийн улс орнуудыг толгойлон зангиддаг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70дугаар чуулганаар баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын “Жендерийн эрх тэгш байдлыг хангах” зорилго гэсэн малгайн дор Монгол Ардын нам бүх шатанд жендэрийн эрх тэгш байдлыг ханган хэрэгжүүлэх, нэгдмэл орчныг бүрдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй нам байхаар зорьж “Оролцъё, Төлөөлье” жендэрийн эрх тэгш байдал Удирдах ажилтны хэлэлцүүлэг”-ийг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгийн эхэнд Монгол ардын намын дарга, Монгол Улсын ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүх шатны байгууллагын эрэгтэй эмэгтэй гишүүдийн эзлэх хувь болон улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлж ажиллах талаар, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын багц асуудлуудыг  танилцуулсан.

Тэрээр “Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Гэхдээ ажиллах хүчнээс гадуурх хүн амын 61 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ бол сайн тоо биш. Өрх толгойлсон гэр бүлийн 86 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэрчлэн өрх толгойлсон эрчүүд 13 хувийг эзэлж байна. Энэ бол маш сэтгэл эмзэглүүлсэн тоо. Бид яаралтай эрчүүдийнхээ боловсрол болон бусад асуудалд  анхаарах цаг болсон. Өнөөдөр их, дээд сургуульд суралцагчдын хүйсийн тэнцвэр алдагдсан. Баклаварын түвшинд суралцагчдын 40 хувь, сургууль завсардагчдын 72 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Өндөр боловсролтой эмэгтэйчүүд, боловсрол багатай эрэгтэйчүүд хоорондоо үл ойлголцдог тэгш бус байдал үүсч байна. Тиймээс бид  хүйсийн тэгш бус байдалд эрэгтэйчүүдийн асуудлыг ч гаргаж ирэх цаг болсныг энэ тоо баримтууд харуулж байна. Хэдийгээр Монголын хүн амын дундаж наслалт сүүлийн жилүүдэд арван жилээр нэмэгдсэн ч эрчүүд эмэгтэйчүүдээс даруй найман жилийн зөрүүтэй насалж байна. Энэ ч бас яах аргагүй жендерийн асуудал” хэмээсэн.

Хэлэлцүүлгийг Монгол Ардын Намын бүх шатны удирдах ажилтнуудын дунд “Жендэрийн эрх тэгш байдал орон нутагт”, “Жендэрийн эрх тэгш байдал олон улсад”, “Жендэрийн эрх тэгш байдал Монгол Улсад” сэдвээр цахим, танхим хосолсон техник технологийн дэвшлийг бүрэн ашиглан шинэлэг хэлбэрээр хийсэн.

Тусгаар тогтнолын ордонд нийт 320-иод төлөөлөгч биеэр оролцон санал бодлоо солилцсон бол хөдөө орон нутгаас цахимаар 163 хүн оролцлоо. Хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн П.Анужин, “Гал голомт” хөдөлгөөний тэргүүн, Жендэрийн хорооны гишүүн Д.Мөнхөө, НИТХ-ын дарга Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул нарын албаны хүмүүс оролцсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.233.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.