Баян-Өлгий аймагт Үндэсний номын баяр 32 дахь удаагаа зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2022-09-17

   Уламжлал болгон зохион байгуулдаг “Номын баяр”-ыг 32 дахь удаагаа орон даяр “Илүү их уншъя” уриатайгаар өнөөдөр /2022.09.16/  тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

   Уг тэмдэглэлт өдрийг угтан аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газар, Б.Ахтаны нэрэмжит номын сангаас өнөөдөр Өлгий хотын төв талбайд бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст номын эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Номын баяр”-ын арга хэмжээг зохион байгууллаа.

700

   Тус арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Вита, Соёл урлагийн газрын Соёл гэгээрэл, номын сан хариуцан мэргэжилтэн Цэнд-Аюуш, Ахмад зохиолч, соёлын тэргүүний ажилтан А.Сьезд, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга Б.Еркинбек, Б.Ахтаны нэрэмжит номын сангийн захирал Д.Алтынгүл нар оролцож, мэндчилгээ дэвшүүлж, ном уншдаг ард түмэн хөгждөг, унтдаг ард түмэн мөхдөг гэдэг, иймд бүх нийтээр номтой нөхөрлөж, ном уншихыг уриаллаа.

700

    Мөн Б.Ахтаны нэрэмжит төв номын сангийн хамт олон цугларсан олонд шинээр хэвлэсэн ном товхимлын үзэсгэлэнгээс гадна ховор нандин номуудыг олон нийтэд дэлгэж сонирхуулаа.

700

   32 дахь удаагийн Номын баяраар номд дуртай, номыг шимтэн уншдаг уншигч, бичигч иргэд, хүүхэд багачууд, номын хорхойтнууд дунд цэвэр бичигтэн, түргэн уншлага, үлгэрийн баатруудын дүрийн тоглолт, гар зургийн уралдаан, номын аялалд гарцгаая, шилдэг уншигч,  шилдэг уншигч анги хамт олон, шилдэг уншигч гэр бүл зэрэг уралдаануудыг зарлаж,  шилдгүүдээ тодруулж,  шагнал гардуулав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.239.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.